Тохойн гадна хажуугийн шөрмөсний үрэвслийн үеийн ясны бариа заслын эмчилгээний үр дүн
Түлхүүр үг:
Теннис тохой, Уламжлалт ясны бариа засал, ШөрмөсХураангуй
Үндэслэл: Тохойн үений атгаалын гадна хажуугийн үрэвсэл бол бугуйн үений нугалах, сунгах хөдөлгөөний давтагдах ачааллын улмаас humeral epicondyle шөрмөс нь гэмтэж, тохойн үений гадна хажуугийн булчин шөрмөсний хэсэгт өвдөлтөөр тодорхойлогдон “Теннис тохой” нэр бүхий, олон улсын өвчний 10-р ангилалд ( ICD-10 ) М77.01-т хамааруулан ангилсан байна. Хүн амын 13% нь өвчилж,сүүлийн жилд 4.3%-5.5%аар нэмэгдэж байна. Тус эмгэгт мэс заслын бус гаж нөлөө багатай, стандарт эмчилгээ тодорхойгүй ч үйлчлүүлэгчийн сонирхлын дагуу бариа заслын эмчилгээг өргөн хэрэглэгдсээр ирсэн. Уламжлалт ясны бариа засал нь монгол хүний авьяас ур ухаанаар бий болсон эмчилгээний хамгийн сайн туршлагат, бие махбодод гэмтэл учруулдаггүй, гарын мэдрэмжээр эмчилдэг noninvasive арга юм. Монголчуудын дэлхийн анагаах ухааны хөгжилд оруулсан олон эмчилгээний аргуудын нэг нь монгол ясны бариа заслын арга юм. Зорилго: Тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвслийн үеийн уламжлалт ясны бариа засал эмчилгээний үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Тус судалгааг АШУҮИС, МАУҮТЭмнэлгийн өдрийн эмчилгээний тасаг, Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны ясны тасагт түшиглэн эмнэл зүйн санамсаргүй хяналтат туршилт судалгааны аргаар 30 эмчлүүлэгч хамруулан,эмчилгээний бүлэгт хар архин бариа засал, хяналтын бүлэгт дасгал хөдөлгөөнийг 10 удаа хийж гүйцэтгэв. Тохойн өвдөлтийг (Patient-Rated Tennis Elbow Evaluation 2010 ) үнэлэх асуумж, Оксфордын тохойн онооны үнэлгээг ашиглан эмчилгээний үр дүнг дүгнэв. Үр дүн: Бидний судалгаанд тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвсэл онош бүхий 30 өвчтөн хамруулахад дундаж нас 49.5±8.5, эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 14:16 байв. Уламжлалт ясны бариа засал нь тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвслийн өвдөлтийг PRTEE оноо 51.9-ээс 13.8 ( хамгийн сайн оноо 0, хамгийн муу оноо 100 ) бүхий ач холбогдолтой бууруулж, тохойн хөдөлгөөний үйл ажиллагааны оксфордын тохойн оноогоор өвдөлтийг 45.4-аас 91.1; тохойн хөдөлгөөний үйл ажиллагаа 27.5-аас 90.7; нийгэм-сэтгэл зүй 37.5аас 94.6 ( хамгийн сайн оноо 100, хамгийн муу оноо 0) бүхий тохойн өвдөлтийг бууруулж, хөдөлгөөний идэвхийг сайжруулсан үр дүнтэй байв. Дүгнэлт: Тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвслийн хөнгөн, дунд зэргийн үед уламжлалт ясны бариа засал тохойн өвдөлтийг бууруулж, хөдөлгөөний идэвхийг сайжруулан эмчилгээний үр дүн өндөртэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Болортулга
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
