Silybum marianum (L.) Gaertn.-ыг үрээр үржүүлэн тарималжуулах боломжийн урьдчилсан судалгаа (АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эрдэнэ сум дахь тарималжуулалтын талбайн нөхцөлд)
Түлхүүр үг:
Ил талбайн дасан зохицол, Соёололт, Фенологи, Суулгацын ургалт, Өсөлт хөгжилХураангуй
Үндэслэл: Silybum marianum-ийн эмчилгээний боломжийг судалсан олон тооны туршилт, эмнэлзүйн судалгаанд түүний биологийн идэвхийг голчлон антиоксидант, үрэвслийн эсрэг, фиброзын эсрэг болон элэг хамгаалах үйлдэлтэй холбон авч үзсэн байдаг. Ялангуяа silymarin нь исэлдэлтийн стрессийг бууруулах, эсийн мембраныг тодорхой төрлийн хорт нөлөөллөөс хамгаалах, уургийн нийлэгжилтэд нөлөөлөх зэрэг механизмаар элэг хамгаалах боломжтой гэж судалгаанд дурдсан байна. Иймээс Silybum marianum-ийг тарималжуулж, үрийг нь үйлдвэрлэлийн болон судалгааны зориулалтаар ашиглах нь эмийн ач холбогдол бүхий идэвхт бодисын тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, чанартай түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: S. marianum-ийг үрээр тарималжуулах боломжийг судалж, үрийн соёололт, суулгацын өсөлт хөгжил шилжүүлэн суулгасны дараах ургалт, фенологийн үе шат болон үрийн ургацын үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Туршилтад S. marianum-ийн үрийг ашиглаж, тасалгааны нөхцөлд соёолуулан, хэвийн хөгжсөн суулгацыг хүлэмжинд бойжуулж, улмаар Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган өндөр орчмын тарималжуулалтын талбайд шилжүүлэн суулгав. Үрийн соёололтыг germination percentage (GP), дундаж соёололтын хугацааг (MGT), суулгацын өсөлтийг морфометрийн үзүүлэлтээр, ил талбайн амьдралтыг хувиар тооцоолов. Үрийн ургацын үед баг цэцгийн тоо, голч, нэг ургамлын үрийн жин, 1000 үрийн жин болон нэгж талбайн үрийн ургацыг тодорхойлов. Өгөгдлийг дундаж стандарт хазайлтаар илэрхийлж (±MNSD), статистикийн ач холбогдлыг p<0.05 түвшинд үнэлэв. Үр дүн: Нийт 1000 үрээс 852 үр соёолж, соёололтын хувь 85.2%, дундаж соёололтын хугацаа 11 хоног байв. Хүлэмжийн нөхцөлд суулгацын ургамлын өндөр 1.0-3.0 см, розеткын голч 1.2-7.0 см хүртэл нэмэгдэв. Ил талбайд шилжүүлэн суулгасан 452 суулгацаас 353 ургамал амьд үлдэж, амьдралт 78.1% байв. Анхны цэцэглэлт 6 дугаар сарын 12нд, бүрэн цэцэглэлт 7 дугаар сарын 9-нд, үр бүрэн боловсролт 8 дугаар сарын 30-нд ажиглагдсан бөгөөд тарилтаас үр боловсрох хүртэл 175 хоног зарцуулав. Нэг ургамалд дунджаар 18 салаа, 20 баг цэцэг үүсэж, баг цэцгийн голч 4.4 см, нэг ургамлын үрийн жин 15.5 г, 1000 үрийн жин 11.5 г, үрийн ургац 195.325 кг/га байв. Дүгнэлт: S. marianum нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган өндөр орчмын нөхцөлд үрээр үржиж, өсөлт хөгжил болон үр боловсролтын үндсэн үе шатыг бүрэн дамжин, үрийн ургац өгөх боломжтой болохыг тогтоов. Иймээс уг ургамлыг тухайн нөхцөлд эмийн түүхий эдийн зориулалтаар тарималжуулах боломжтой гэж үзэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Р.Норовням, Х.Даариймаа, П.Мандахнаран, Д.Даваадагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
