RBL-2H3 эсэд зарим ургамлын хандны хоргүй тунг тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Ц.Баасандаш АШУҮИС, Ахисан түвшний сургууль , АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Г.Халиун АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч
  • С.Нурбек АШУҮИС, Ахисан түвшний сургууль , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Б.Уранбилэг АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • Ц.Анужин АШУҮИС, Ахисан түвшний сургууль , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Б.Хонгорзул АШУҮИС, Ахисан түвшний сургууль , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Д.Энхмаа АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • Ч.Баттогтох АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-Анагаахын сургууль Зохиогч
  • Л.Энхсайхан АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Н.Цэвэлмаа АШУҮИС, Ахисан түвшний сургууль , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Усан ханд, Этилийн спиртэн ханд, MTT, Эсийн амьдрах чадвар

Хураангуй

Үндэслэл: Судлаачид дэлхий даяар ургамалд агуулагдах биологийн идэвхт нэгдлийг илрүүлэх болон in vitro, in vivo орчинд үзүүлэх биологийн үйлдлийг тодорхойлох чиглэлийн судалгааг эрчимтэй хийж байна. Манай орны ургамал нь байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлд дасан зохицож ургадаг бөгөөд Монголчууд эрт дээр үеэс ардын эмчилгээ, уламжлалт анагаах ухаан, хүнсэндээ түгээмэл хэрэглэж ирсэн уламжлалтай. Иймд зэрлэг болон таримал зүйл ургамлыг эсийн түвшинд in vitro орчинд олон улсад харшил, үрэвслийн судалгаанд ашигладаг стандарт RBL-2H3 шугаман эсэд үйлчилж, хоруу чанарыг тодорхойлж, эсэд харьцангуй хоруу чанар багатай зааг тунг тодорхойлох нь цаашдын нарийвчилсан буюу эсэд үүсгэсэн харшлын загвар судалгаа, амьтны туршилт, эмийн үйлдлийн үйлчлэл болон биологийн идэвхийг молекул механизмын түшинд судлахад шинжлэх ухааны үндэслэл болохуйц чухал ач холбогдолтой байна. Зорилго: Монгол оронд ургадаг зэрлэг болон таримал 4 зүйл ургамлын хандны эс хордуулах тунг RBL-2H3 эсэд тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд аньс (Vaccinium vitis-idaea), гүзээлзгэнэ (Fragaria orientalis), хар манжин (Raphanus sativus), болон зэрлэг хөх далан хальс (Lonicera caerulea L.) ургамлыг стандартын дагуу түүж, гербар бэлтгэн ШУА-н Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд илгээн ангилал зүйн тодорхойлолтыг хийлгэж баталгаажуулав. Ургамлын иш, навч, жимс гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг ус, этилийн спиртээр хандалж, вакум эргэлтэт ууршуулагч болон хөлдөөн хатаах төхөөрөмжийн аргаар өтгөрүүлэн хуурайшуулж, нийт 12 төрлийн хандыг бэлтгэв. Туршилтад хархны базофил лейкемийн RBL-2H3 (Rat Basophilic Leukemia) эсийн шугамыг EMEM тэжээлт орчинд өсгөвөрлөж, тогтворжуулан өсөлтийн үе шатанд нь ашиглав. Бэлтгэсэн 12 төрлийн хандны эсэд хоргүй тунг MTT [3-(4,5-dimethylthiazol2-yl)-2,5-diphenyltetrazolium bromide] шинжилгээний аргаар эсийн амьдрах чадварт нөлөөлөх хувиар үнэлэв. Үр дүн: Бидний судалгаагаар этилийн спиртээр хандалсан гүзээлзгэнийн навч, хар манжин, зэрлэг хөх далан хальсны навчинд ≥6.25 мкг/мл тун, харин усаар хандалсан хөх далан хальсны жимсэнд ≥6.25 мкг/мл, ишинд ≥25 мкг/мл тун нь тунгаас хамаарсан эс хордуулах үйлдэл үзүүлэв. Усаар хандалсан аньсны навчны ≤200 мкг/ мл, гүзээлзгэнийн навчны ≥100 мкг/мл тун, хар манжингийн ≤200 мкг/мл тун, харин аньсны навчны этилийн спиртэн хандны ≥50 мкг/мл тунгаар үйлчлэхэд эсэд хоргүй байв. Мөн зэрлэг хөх далан хальсны этилийн спиртэн хандны ишинд ≤300 мкг/мл, жимсэнд ≥12.5 мкг/мл тун, усан хандны навчинд ≤50 мкг/мл тун нь RBL-2H3 эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлэх үр дүн үзүүлэв. Дүгнэлт: RBL-2H3 эсийн амьдрах чадварт ургамлууд уусгагчийн туйлшрал болон эрхтнээс хамаарсан харилцан адилгүй нөлөө үзүүллээ. Гүзээлзгэнийн навч, хар манжин, зэрлэг хөх далан хальсны навчны этилийн спиртэн ханд, мөн хөх далан хальсны жимс, ишний усан ханд нь 12.5, 25, 50 мкг/мл тунгаас эхлэн тун хамааралтай эсийн амьдрах чадварыг ойролцоогоор 40%-иас дээш бууруулсан нь хоруу чанар харьцангуй өндөр байгааг харууллаа. Харин гүзээлзгэнийн навч, хар манжингийн усан ханд болон аньсны навчны ус, этилийн спиртэн ханд нь 200 мкг/мл-ээс бага тунгийн хязгаарт эсэд үзүүлэх хоруу чанар харьцангуй бага байсан бол зэрлэг хөх далан хальсны иш, жимсний этилийн спиртэн хандны 12.5 мкг/мл-ээс их, навчны усан хандны 100 мкг/мл-ээс бага тун нь RBL-2H3 эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж, эсийн пролиферацийг дэмжих идэвх үзүүлэв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Нурбек, Б.Уранбилэг, Л.Энхсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл