15–18 насны эрэгтэй хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдоход нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Гэмтлийн дараах стрессийн эмгэг, Архидалт, Хүчирхийлэл, Хүүхэд хамгаалал, Гэмт хэрэгХураангуй
Үндэслэл: Монгол орны хувьд хүүхэд, өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдох шалтгаан, нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлан тогтоосноор эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. 2021 онд СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээнд хамрагдсан нийт 1053 тохиолдолдлын 20.7% нь насанд хүрээгүй хүүхэд байсан бол 2022 онд 20.4 хувь (n=251), 2023 онд 19.6 хувь (n=203), 2024 онд 19.4 хувь (n=225), 2025 онд 23.6 хувь (n=318)-ийг тус тус эзэлж байна. Ялангуяа 2025 онд өмнөх оноос 4.2% өссөн байна. Гэвч хүүхэд гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл, холбогдсон гэмт хэргийн талаарх мэдээлэл хангалтгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Насанд хүрээгүй хүн гэмт хэрэгт холбогдох шалтгаан, нөлөөлөх зарим хүчин зүйлс, хүмүүжигчдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судлах. Арга, аргачлал: Нэг агшингийн загвараар Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын 35 хүмүүжигч, ЕБС-ийн 70 сурагч буюу 15-18 насны 105 эрэгтэй хүүхдийг хамруулж, CPSS-5-SR, PBI, KFLS болон тусгай асуумжаар мэдээлэл цуглуулав. Үр дүн: Оролцогчдын дундаж нас 16.69±0.87 жил. Хүмүүжигчдийн 45.7% нь өмнө нь хэрэгт холбогдож байсан бөгөөд 45.7% нь хүчиндэх, 17.1% нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн байв. Хүмүүжигчдийн 82.9% нь тамхи татдаг, 71.4% нь согтууруулах ундаа, 20.0% нь бусад бодис хэрэглэж үзсэн нь ЕБС-ийн сурагчидтай харьцуулахад өндөр байв. Олон хүчин зүйлийн шинжилгээгээр хүүхдийн тамхи ба согтууруулах ундааны хэрэглээ, эцгийн архидалт, гэр бүлийн хэрүүл маргаан нь гэмт хэрэгт холбогдоход статистик ач холбогдол бүхий нөлөөлж байв. Гэмтлийн дараах стрессийн эмгэгийн болзошгүй тохиолдол хүмүүжигчдийн 40.0%-д, сурагчдын 27.5%-д илэрсэн. Дүгнэлт: Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын хүмүүжигчдийн дунд тамхи, согтууруулах ундаа болон бусад бодисын хэрэглээ, гэр бүлийн орчны таагүй нөлөө ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас өндөр байна. Хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь гэмтлийн дараах стрессийн эмгэг үүсгэдэг тул сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах шаардлага тулгарч байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Агиймаа, З.Хишигсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
