Энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдын нийгэм сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлыг судалсан нь

Зохиогчид

  • Н.Өлзийхутаг АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим , НейроМед эмнэлэг Зохиогч
  • Д.Оюунсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, Сэтгэл түгшилт, Невроз, Тулааны стресс, Гэмтлийн дараах стрессийн эмгэг, Хүйсийн хамаарал

Хураангуй

Үндэслэл: Энхийг сахиулах ажиллагаа (ЭСА) нь цэргийн алба хаагчдаас мэргэжлийн өндөр ур чадвараас гадна бие бялдар, нийгэм-сэтгэл зүйн асар их тэсвэр хатуужлыг шаарддаг онцлогтойг судлаачид тогтоосон байна. Алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, тэр дундаа тулааны үеийн стресст нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг иж бүрэн тодорхойлох нь цэргийн багийн байлдааны чадварыг хамгаалахад чухал ач холбогдолтой нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: ЭСА-ийн өмнөх бэлтгэл шат болон ажиллагааны явцад алба хаагчдын нийгэм, сэтгэцийн эрүүл мэндэд гарч буй өөрчлөлт, хувь хүний зан төлөв болон тулааны стресст нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг проспектив хяналтын загвараар ажиллагааны өмнөх бэлтгэл үе болон БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн үе гэсэн хоёр шатанд хуваан хийж гүйцэтгэв. Судалгааны хоёр шатанд бүрэн хамрагдсан 283 албан хаагчийн өгөгдлийг SPSS-26.0 программ ашиглан McNemar, Хи-квадрат, Пирсоны корреляци болон олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 92.9% нь эрэгтэй, дундаж нас нь 28.9±5.8 жил байв. Ажиллагааны явцад неврозын шинж (33.9%), танин мэдэхүйн бууралт (15.9%), нойрны хямрал (15.2%) зонхилон илэрсэн ба эмэгтэй алба хаагчдын дунд невроз, нойрны хямрал, сэтгэл түгшилт статистик ач холбогдол бүхий өндөр байв (p<0.05). Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр Гэмтлийн дараах стрессийн эмгэг (ГДСЭ) илэрсэн алба хаагчдын тулааны стресст өртөх эрсдэл 4.22 дахин (aOR=4.22, 95% ИХ: 1.36-13.16, p=0.013), урьд нь хүчтэй стресст өртөж байсан түүхтэй алба хаагчдынх 2.68 дахин (aOR=2.68, 95% ИХ: 1.01-7.11, p=0.048) тус тус их байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Энхийг сахиулах ажиллагааны явцад анх удаа оролцогчдод тухайн үеийн сэтгэл түгшилт (83.3%; p<0.01) давамгайлсан бол давтан оролцогчдод хуримтлагдсан стрессээс шалтгаалан Невротизм (42.8%), нойрны архаг хямрал (20.7%) болон архины эрсдэлтэй хэрэглээ (15.9%; p<0.01) өндөр байв. Невроз (β=0.22) болон ЭСА-нд оролцсон давтамж нь (β=0.19) нойрны хямралыг гүнзгийрэхэд голлох нөлөөтэй бие даасан хүчин зүйлс болох нь (р<0.001) тогтоогдлоо. 2. Үүрэг гүйцэтгэгчдийн тулааны стресст өртөх эрсдэлийг бие даан нэмэгдүүлэгч гол хүчин зүйлс нь тэдний өмнө нь амьдралдаа туулж байсан хүчтэй стрессийн түүх (aOR=2.68, p=0.048) болон Гэмтлийн дараах стрессийн эмгэг (ГДСЭ)ийн суурь илрэл (aOR=4.22, p=0.013) болох нь логистик регрессийн шинжилгээгээр батлагдсан болно.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл