Хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн үеийн хөдөлгөөний алдагдал болон чадвар алдагдлыг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Хүзүүний өвдөлт, Хөдөлгөөний алдагдал, Чадвар алдалт, NDI, VASХураангуй
Үндэслэл: Хүзүүний өвдөлт нь дэлхий даяар харьцангуй их тархалттай бөгөөд хүмүүсийн гуравны хоёр орчим нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа хүзүүний өвдөлтөөр өвддөг, тархалт нь дунд насны хүн амд хамгийн өндөр байдаг. Судлаачдын тогтоосноор хүзүүний өвдөлт нь насанд хүрсэн хүн амын 22–70%-д тохиолддог бөгөөд 54% хүртэлх хүмүүс сүүлийн 6 сарын хугацаанд хүзүүгээр өвдөж, 37% нь архаг хэлбэрт шилждэг байна. Global Burden of Disease Study-ийн тайланд 2020 онд дэлхий даяар 203 сая хүн хүзүүний өвдөлттэй байсан бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 269 саяд хүрэхээр таамаглагдаж байна. Архаг хэлбэрт шилжсэн тохиолдолд зөвхөн өвдөлтөөр хязгаарлагдахгүй, хөдөлгөөний алдагдал болон чадвар алдалт үүсэх нь түгээмэл байдаг. Судалгаагаар хүзүүний өвөрмөц бус өвдөлтийн үед хүзүүний хөдөлгөөний далайц буурах, хөдөлгөөний зохицуулалт алдагдах, хөдөлгөөний хурд буурах, үе мөчний байрлалын мэдрэмж буурах зэрэг мэдрэл-булчингийн өөрчлөлтүүд илэрдэг. Эдгээр өөрчлөлтүүд нь өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх чадварт шууд нөлөөлж, чадвар алдалтад хүргэдэг. Монгол Улсын нөхцөлд хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн үед хөдөлгөөний алдагдал болон чадвар алдалтыг хамтад нь үнэлсэн судалгаа хомс байна. Иймээс хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн үеийн хөдөлгөөний алдагдал болон чадвар алдалтыг тодорхойлох нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн хөдөлгөөн засал эмчилгээний үр дүнд гарах хөдөлгөөний алдагдлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлттэй 30-59 насны нийт 115 оролцогч хамрагдсан. Судалгаа эхлэхийн өмнө судалгааны ажлын тухай танилцуулж, таниулсан зөвшөөрлийн хуудсыг бөглүүлсэн. Үүний дараа нийт оролцогчид нараас ерөнхий мэдээллийг цуглуулж, судалгаанд хамруулах болон хасах шалгуурын дагуу эмнэлзүйн үзлэг хийсэн. Хүзүүний өвөрмөц бус өвдөлттэй оролцогчдын хүзүүний хөдөлгөөний алдагдлыг Hannu Luomajoki et al 2008 нугалах, тэнийлгэх, эргэх хөдөлгөөнийг тодорхойлох 13 тестийг тус тус ашиглан тодорхойлсон. Хүзүүний хөдөлгөөний чадвар алдалтыг Вернон Миор нарын индексээр (NDI) үнэлгээг ашиглан тодорхойлсон. Мөн тайван үеийн өвдөлт болон хөдөлгөөн хийх үеийн өвдөлтийг VAS-ийн үнэлгээг ашиглан үнэлж, хүзүүний хөдөлгөөний далайцыг гониометр ашиглан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 37.38±12.00 жил, хүйсийн хувьд 76.5% (n=88) нь эмэгтэй, 23.5% (n=27) нь эрэгтэй, БЖИ 24.59±3.55 кг/м2 байв. Оролцогчдын 86.1% нь нийлмэл хөдөлгөөний алдагдалтай бүлэгт хамаарч байв. Хөдөлгөөн хийх үеийн өвдөлт болон чадварт алдалтын хооронд дунд зэргийн эерэг хамаарал (r=0.331, p<0.001) илэрсэн. Харин хөдөлгөөний хяналтын алдагдал нь чадвар алдалт болон өвдөлттэй статистикийн ач холбогдол бүхий хамааралгүй байв (p>0.05). Регрессийн шинжилгээгээр өвдөлт нь чадвар алдалтад нөлөөлөх гол хүчин зүйл (p<0.001) болох нь батлагдсан. Дүгнэлт: Хүзүүний өвөрмөц бус өвдөлттэй өвчтөнүүдэд өвдөлт нэмэгдэх тусам чадвар алдалт нэмэгдэж байна. Хөдөлгөөний хяналтын алдагдал нь өвдөлтөөс харьцангуй бие даасан шинж чанартай байгаа нь зөвхөн өвдөлт бууруулахаас гадна хөдөлгөөний чанарыг сайжруулах хөдөлгөөн засал шаардлагатайг илтгэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Батлхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
