Титэм судсанд дотуурх оношилгоо эмчилгээний үед шуу ба гуяны артерийн хүрцийн эмнэлзүйн үр дүнг харьцуулж судалсан нь
Түлхүүр үг:
Титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээ, Шууны артерийн хүрц, Судасны хүндрэл, Эмчлүүлэгчийн сэтгэл ханамжХураангуй
Үндэслэл: Титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээ хийх үед судасны хүрцийг зөв сонгох нь интервенцийн ажилбарын амжилт, аюулгүй байдал, судасны хүндрэл, сэтгэл ханамж, эмнэлэгт хэвтэх хугацаанд шууд нөлөөлж байдаг. Сүүлийн жилд олон улсын удирдамжинд шууны артерийн хүрцийг (TRA - transradial access) илүүтэй ашигладаг болсон боловч Монгол улсад шуу ба гуяны артерийн хүрцийн эмнэлзүйн үр дүнг харьцуулсан судалгаа хомс ба манай нөхцөлд хоёр хүрцийн эмнэлзүй, эмчлүүлэгч төвтэй үр дүнг харьцуулан үнэлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Титэм судсанд дотуурх оношилгоо эмчилгээний үед шуу ба гуяны артерийн хүрцийн эмнэлзүйн үр дүнг харьцуулж судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг эмнэлэгт суурилсан когорт судалгааны загвараар уг судалгааг гүйцэтгэв. Судалгаанд титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээ хийлгэсэн 200 эмчлүүлэгч хамрагдсан. Шууны артерийн хүрцийн бүлэгт 100, гуяны артерийн хүрцийн бүлэгт 100 эмчлүүлэгч тус бүр хамруулав. Судалгаанд нас, хүйс, интеренцийн ажилбарын дараах өвдөлтийн үнэлгээ (VAS), эмнэлэгт хэвтсэн ор хоног, судасны хүрцтэй холбоотой хүндрэл, эмчлүүлэгчийн сэтгэл ханамж зэрэг үзүүлэлтүүдийг үнэлэв. Статистик боловсруулалтыг SPSS-25.0 программыг ашиглан хийж, хувьсагчийг дундаж±стандарт хазайлтыг үнэлсэн. Мөн үл хамааралт Т тест ба Манн витнейн тест, ангиллын хувьсагчийг χ², фишерийн нарийвчилсан тестээр харьцуулж, p<0.05 байх үед статистикийн ач холбогдолтойд тооцов. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас 60.8±11.56 жил байсан бөгөөд 75.5% нь эрэгтэй байв. Шууны артерийн хүрцийн бүлгийн интервенцийн ажилбарын дараах өвдөлтийн дундаж үнэлгээ гуяны артерийн хүрцийн бүлгээс статистикийн ач холбогдолтой бага байсан (VAS: 2.5±0.29 vs 3.4±0.21, p=0.031). Мөн интервенцийн ажилбарын дараах 24 цагийн хөдөлгөөний идэвх шууны артерийн хүрцийн бүлэгт илүү сайн байв (p=0.009). Жижиг судасны хүндрэл болон 10 см-ээс бага хэмжээтэй гематома зөвхөн гуяны артерийн хүрцийн бүлэгт тус бүр 1.0%-д бүртгэгдсэн бол томоохон судасны хүндрэл аль ч бүлэгт ажиглагдсангүй. Эмчлүүлэгчийн хэсэг газрын шинж тэмдгийн өөрчлөлт (p=0.048), эмчлүүлэгчийн сэтгэл ханамж (p=0.041) шууны артерийн хүрцийн бүлэгт статистикийн ач холбогдолтой өндөр байсан бол эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эмч ба эмнэлгийн багийн харилцааны үнэлгээнд хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Дүгнэлт: Титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээний үед шууны артерийн хүрц интервенцийн ажилбарын дараах хэсэг газрын өвдөлтийг бууруулж, эмнэлэгт хэвтэх хугацааг багасгаж байв. Харин шууны артерийн хүрцийн үед судасны хүндрэл бага, сэтгэл ханамж өндөр түвшинд байгаа нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Батмягмар, Х.Чингэрэл
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
