Монгол улсын эх баригчдын эх барихын тусламж үйлчилгээний ажил үүргийн зарим байдлыг судалсан дүн
Түлхүүр үг:
Ажлын байрны тодорхойлолт, Мэргэжилтний гүйцэтгэл, Тусламж үйлчилгээний оролцоо, Ур чадварын түвшинХураангуй
Үндэслэл: Эх баригч мэргэжилтэн эхийн, нярайн, нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламжийг үзүүлж, амь насыг авардаг. Манай улсад 2017 онд Эрүүл мэндийн сайдын А/216 тушаалаар Олон улсын эх баригчдын холбооноос гаргасан үндсэн чадамжийг үндэслэн эх баригчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж баталсан. Иймээс шинэчилсэн ажлын байрны тодорхойлолтод багтсан ажил үүргийг эх баригчид хэр зэрэг гүйцэтгэж байгааг судлах шаардлагатай байна. Зорилго: Эх баригч мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг шинэчилэн баталснаас таван жилийн дараах мэргэжлийн үүрэг, гүйцэтгэлийн байдлыг үнэлэхэд оршино. Арга аргачлал: Судалгаанд Монгол улсын хэмжээнд эх барихын тусламж үйлчилгээний бүх шатлалд ажиллаж байгаа нийт 1119 эх баригчийг хамруулан шаардлага хангасан 589 оролцогчдын мэдээлэлд статистик боловсруулалтыг хийлээ. Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан эх барихуйн тусламж үйлчилгээ, ур чадварын талаарх зөвлөх бүлгийн хянаж боловсруулсан 3 бүлэг асуулгыг ашиглаж, асуултуудыг Ликертийн шатлалаар үнэлсэн. Судалгааны арга аргачлалыг Сувилахуйн сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж (22/07-b протокол), АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны болон Эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 62.3% бакалаврын, 34.3% мэргэжлийн зэрэгтэй, 93.5% эх баригчийн албан тушаалд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх шатлалд ажиллаж, 73.4% ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийнхээ дагуу ажилладаг боловч 21.9% үндсэн үүргийнхээ дагуу ажиллаж чадахгүй байгаа; 56% ажлын байранд үүргээ гүйцэтгэхэд зарим бэрхшээл тулгардаг гэж үзсэн. Ажлын байрны тодорхойлолтод дурдсан жирэмсний тусламж үйлчилгээний хүрээнд 71.4% нь хэвийн, эрсдэл багатай жирэмсэн эмэгтэйчүүдийг удирдамжын дагуу хянаж, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг ихэнхдээ хийж гүйцэтгэдэг (дундаж 3.07± 0.96); төрөлт, төрсний дараах үеийн тусламжийг хааяа (дундаж 2.70±1.10) буюу тогтмол хийдэггүй, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ болон эх барихын яаралтай тусламжийн оролцооны дундаж үнэлгээ тус тус 2.32±1.120, 2.40±0.040 буюу хааяа үзүүлдэг байна. Мэргэжлийн ур чадварын өөрийн үнэлгээгээр жирэмсэн үеийн тусламж үзүүлэх чадварын дундаж 3.10±0.038 буюу хангалттай, төрөлт, төрсний дараах үеийн тусламжийн чадвар 2.83±0.037 буюу дундаас дээш; эх барихын яаралтай тусламжийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн тусламж үзүүлэх чадвар тус тус 2.77± 0.84, 2.57±0.890 дунд зэрэг гэж үнэлсэн байна. Дүгнэлт: Эрүүл мэндийн салбарын бүхий л түвшинд ажиллаж байгаа эх баригч мэргэжилтнүүдийн боловсрол, мэргэжлийн түвшин сайжирсан үзүүлэлттэй байна. Эх баригчид ажлын байрны тодорхойлолтод дурдсан жирэмсэн үеийн тусламжинд ихэнхдээ; төрөлт, төрсний дараах болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн, эх барихын яаралтай тусламжийн ажил үүргийг хааяа үзүүлж байна. Эх баригчдын мэргэжлийн ур чадварын өөрийн үнэлгээгээр багаар ажиллах, жирэмсэн үеийн тусламж үзүүлэх чадвар хангалттай, төрөлт, төрсний дараах үеийн тусламжийн чадвар дундаас дээш; эх барихын яаралтай тусламжийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн тусламж үзүүлэх чадвар дунд түвшинд байна. Эх баригч мэргэжилтний мэргэжлийн зарим үйл ажиллагааны оролцоог сайжруулах шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: У.Нямдаваа, Б.Оюунгоо
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
