Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн ABA эмчилгээний үр дүнгийн судалгаа

Зохиогчид

  • Б.Баасандорж АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Э.Хонгорзул АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

ATEC, Эмчилгээний үр дүн, Асран хамгаалагчийн үнэлгээ, Эмнэлзүйн хяналт

Хураангуй

Үндэслэл: Аутизмын хүрээний эмгэг (АХЭ) нь нийгмийн харилцааны бэрхшээл, хязгаарлагдмал сонирхол эсвэл давтагдах зан үйлээр илэрдэг мэдрэлийн хөгжлийн эмгэг юм. АХЭ-тэй хүүхдийн эмчилгээний ахиц, үр дүнг богино хугацаанд үнэлэх нь цаашдын эмчилгээний төвлөгөөний зорилтыг тодорхойлох үндэс болдог. Зорилго: Өдөр тутмын хэрэглээний зан үйлийн шинжилгээнд суурилсан (Applied Behavior Analysis, ABA) эмчилгээний эхний 3 сарын үр дүнг аутизмын эмчилгээний үр дүнгийн үнэлгээний (ATEC) оноотой хамааралтай эсэхийг судлах. Арга, аргачлал: Бид судалгааг проспектив, ажиглалтын аргаар хийж АХЭ бүхий 21 хүүхдийг хамруулан асран хамгаалагчдаас 77 асуулт бүхий ATEC үнэлгээг эмчилгээ эхлэхийн өмнө болон 3 сарын дараа бөглүүлж авсан. Хэл яриа ба харилцаа, нийгмийн харилцаа, мэдрэхүй ба танин мэдэхүйн байдал, эрүүл мэнд, бие махбод ба зан үйл гэсэн ATEC-ийн дөрвөн дэд бүлгээр оноог тооцсон. Үр дүн: Оролцогчдын дундаж нас 5.51±1.45 жил, хүйсийн хувьд авч үзвэл76.19% (16) нь эрэгтэй хүүхэд байв. Суурь хүндрэлийн оноо (CGI-S) 4.71±0.72 байсан ба хүүхдүүд долоо хоногт дунджаар 10.00±1.38 цаг ABA эмчилгээнд хамрагдсан. Нийт ATEC үнэлгээний оноо 72.71±7.60-аас 67.14±7.81 болж буурч, дундаж өөрчлөлт -5.57±2.18 оноо буюу -7.66% байв (t=11.706, p<0.001, d=2.55). Хэл яриа, харилцаа -7.05%, нийгмийн харилцаа -6.96%, мэдрэхүй ба танин мэдэхүйн байдал -6.56% өөрчлөгдсөн. Хамгийн их харьцангуй өөрчлөлт эрүүл мэнд, бие махбод ба зан үйлийн хэсэгт ажиглагдсан (-1.90±1.14; -9.80%; p<0.001) ба үнэлгээний бүх дэд бүлэгт Wilcoxon signed-rank сорил p<0.001 байсан. Нийт 16 хүүхэд (76.19%) судалгааны урьдчилан таамагласан 5-аас илүү онооны буурах шалгуурт багтсан. Суурь CGI-S болон эмчилгээний өмнө, дараах ATEC онооны өөрчлөлтийн Pearson хамаарал r=0.466, p=0.033 байсан боловч Spearman шинжилгээнд статистикийн ач холбогдолгүй байв (ρ=0.349, p=0.121). Иймээс уг хамаарлыг тогтвортой таамаглагч гэж үзэх боломжгүй байв. Долоо хоногт ABA эмчилгээнд хамрагдсан цаг, ATEC-ийн онооны өөрчлөлттэй хамааралгүй (r=-0.183, p=0.427), мөн нас хамааралгүй нь тодорхойлогдов. (r=-0.043, p=0.855). Дүгнэлт: Хүүхдүүд ABA эмчилгээнд хамрагдсан хугацаанд ATEC-ийн бүх дэд бүлгүүдэд өөрчлөлт ажиглагдсан нь өөрчлөлтийг өдөр тутамд, богино хугацаанд шууд ажиглагдах боломжтойг илтгэж буй боловч хоёрхон хэмжилтийн цэгтэй тул өөрчлөлтийн хурд, дарааллыг тогтоох боломжгүй байв. Цаашид судалгааны түүврийг нэмэгдүүлэн бүлэгтэй, 6-12 сарын давтан үнэлгээтэй, бие даасан хөгжлийн болон клиник хэмжүүрүүдийг хавсарган хийх шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл