Шүдний эмч нарын дунд ажлын байрны сэтгэл ханамжийг судалсан дүн
Түлхүүр үг:
Нүүр ам судлалын сургууль, Нүүр амны эмчилгээний тэнхим АШУҮИС, Нүүр Ам Судлалын Төв эмнэлэг, Утас: 95515153Хураангуй
Үндэслэл: Шүдний эмчийн ажлын байрны стресс нь хувь хүний сэтгэцийн эрүүл мэнд болон ажлын бүтээмжид шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Энэ нь цаашлаад үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар, байгууллагын хүний нөөц, тогтвортой хөгжилд нөлөөлөх чухал хүчин зүйл болдог. Монгол улсад хийгдсэн зарим судалгаанаас харахад эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нарын ажлын ачаалал, цалин хөлсний түвшин, орон нутгийн хүний нөөцийн дутагдал нь тухайн байгууллагад тогтвортой ажиллахад нөлөөлж буйг дурдсан боловч шүдний эмч нарыг тусгайлан оролцуулсан судалгаа дутагдалтай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Шүдний эмч нарын дунд ажлын байрны сэтгэл ханамжийг үнэлэх, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгт нүүр амны мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт 98 шүдний их эмчийг хамруулан цахим хэлбэрээр асуумжийг цуглуулав. Ерөнхий мэдээлэл болон ажлын байрны нөхцөл, сэтгэл ханамжийг үнэлэх 3 бүлэг 30 асуулт бүхий асуумжийг ашиглан үр дүнг Microsoft Excel, SPSS-31.0 программаар боловсруулан гаргав. Үр дүн: Судалгаанд оролцсон нийт эмч нарын сэтгэл ханамж 3.68±0.77 дунджаас дээш үнэлэгдсэн. Судалгааны үр дүнгээс харахад ажлын байрны тав тух (r=0.570), хамт олны харилцаа (r=0.560), цалин (r=0.501), удирдах ажилтны мэргэжлийн ур чадвар (r=0.484), мэргэжлээрээ өсөж дэвших боломж (r=0.482) зэрэг хүчин зүйлүүд нь сэтгэл ханамжийн байдалтай статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай байв (p<0.001). Ажлын ачаалал нь сэтгэл ханамжтай статистикийн ач холбогдол бүхий хамаарал үзүүлээгүй (p>0.05). Мөн судалгааны дүнгээс харахад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд үзүүлэх байгууллагын дэмжлэгийн үнэлгээ харьцангуй бага байна (1.87±0.86). Дүгнэлт: 1. Ажлын байрны тав тух, хамт олны харилцаа, цалин хөлс, удирдах ажилтны ур чадвар болон мэргэжлээрээ өсөж дэвших боломж зэрэг хүчин зүйлс нь шүдний эмч нарын ажлын байрны сэтгэл ханамжтай статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай байсан (p<0.001). 2. Шүдний эмч нарын дунд ажлын байрны сэтгэл ханамжийн түвшин дунджаас дээш (3.68±0.77) үнэлэгдсэн.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Н.Бямбасоёл, Ж.Үржинлхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
