Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн артерийн даралтад үзүүлэх үйлдлийг судалсан дүн

Зохиогчид

  • А.Тэгшжаргал АШУҮИС, Био-АС, Эм судлалын тэнхим , ХӨСҮТ, НЛА, Шимэгч судлалын лаборатори Зохиогч
  • Г.Баттөгс АШУҮИС, Био-АС, Эм судлалын тэнхим , ХӨСҮТ, СТСА, Сүрьеэгийн лавлах лаборатори Зохиогч
  • Г.Марал-Эрдэнэ АШУҮИС, Био-АС, Эм судлалын тэнхим , Сетунари ХХК, Маркетинг, борлуулалтын алба Зохиогч
  • Б.Батдаваа АШУҮИС, Био-АС, Эм судлалын тэнхим , ШШЕГ, Шүүх Анагаах Ухааны Шинжилгээний Газар Зохиогч
  • Ц.Чимгээ АШУҮИС, Био-АС, Эм судлалын тэнхим Зохиогч
  • Г.Энхмаа АШУҮИС, Био-АС, Эм судлалын тэнхим Зохиогч
  • Ч.Ерөөлт АШУҮИС, Био-АС, Эм судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эмийн бамбай, Сибирь хотой, Зүрх судасны тогтолцоо, Ангиотензин II, Осмотик шахуурга

Хураангуй

Үндэслэл: Стресс, нойргүйдэл, сэтгэл түгшил нь нийгэмд өргөн тархсан сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд хөдөлмөрийн чадвар буурах, амьдралын чанар доройтох, архаг өвчний эрсдэл нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Стрессийн үед симпатик мэдрэлийн тогтолцоо идэвхжиж зүрхний цохилтын тоо ихсэх, судас агших, улмаар артерийн даралт нэмэгдэх зэрэг физиологийн өөрчлөлтүүд илэрдэг ба удаан хугацаанд үргэлжилбэл артерийн даралт ихсэх өвчин болон зүрх судасны бусад эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд тайвшруулах, нойрсуулах, сэтгэл түгшлийг багасгах үйлдэлтэй эмийн ургамлуудын фармакологийн судалгаа эрчимтэй хийгдэж байна. Иймээс бид уламжлалт анагаах ухаанд тайвшруулах, нойрсуулах, сэтгэл засах зорилгоор хэрэглэж ирсэн Эмийн бамбай, Сибирь хотой ургамлаас нийлмэл бэлдмэл бэлтгэж, артерийн даралтад үзүүлэх үйлдлийг судлах шаардлага тулгарч байна. Зорилго: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн артерийн даралтад нөлөөлөх үйлдлийг судлах. Арга, аргачлал: Бид Эмийн бамбай болон Сибирь хотойн 70%-ийн этанолын ханднаас 30:70 харьцаатайгаар нийлмэл бэлдмэл бэлтгэж, хэвийн үеийн болон АТ II-р үүсгэгдсэн артерийн даралт ихсэлтэд нөлөөлөх үйлдлийн судалгааг C57BL/6 үүлдрийн хулганад 750, 1000 мг/кг тунгаар уулгаж, Softron BP-98AWU аппарат ашиглан, систол болон диастолын даралтыг хэмжиж, бүлэг хооронд харьцуулан судалсан. Үр дүн: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийг 750, 1000 мг/кг тунгаар хэрэглэхэд хэвийн үеийн СД-ыг 6.7-12.3%, ДД-ыг 16.0-29.3%-иар тус тус бууруулсан (p<0.05) бол АТ II-ыг хэвлийн хөндийд тарьж үүсгэсэн артерийн даралт ихсэлтийн эмгэг загварын үед СД-ыг 5.9-19.6%, ДД-ыг 6.3-20.1%иар тус тус бууруулсан (p<0.05). Осмотик шахуурга ашиглан АТ II-р артерийн даралт ихсэлтийн эмгэг загвар үүсгэхэд нийлмэл бэлдмэл нь 750 мг/кг тунгаараа СД-ыг 18.2-33.1%, ДД-ыг 16.4-27.8%-иар бууруулж байлаа (p<0.001). Дүгнэлт: Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийг 750, 1000 мг/кг тунгаар хэрэглэхэд хулганын хэвийн үеийн болон АТ II-р үүсгэгдсэн артерийн даралт ихсэлтийг бууруулах үйлдэлтэй болох нь тогтоогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Марал-Эрдэнэ, Б.Батдаваа, Ц.Чимгээ, Ч.Ерөөлт

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл