Монгол хүний байнгын нэгдүгээр их араа шүдний хөндийн морфометрийг конус цацрагт компьютер томографын зурагт тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Рентген зураг, Vertucci-ын ангилал, зөөлцийн эвэр, програм хангамж, сувгийн эмчилгээХураангуй
Үндэслэл: Хүний шүдний хөндийн анатомийн онцлог нь шүд цоорох өвчин болон түүний хүндрэлийн эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг. Хүний байнгын нэгдүгээр их араа шүд нь хамгийн эхэнд, сүүн шүдний ард шүдэлдэг онцлогтой тул шүд цоорох өвчинд амархан өртөж, цоорлын болон шүдний сувгийн эмчилгээнд орох тохиолдол нь хамгийн их байдаг. Шүдний хөндийн морфометрийг рентген шинжилгээгээр тодорхойлдог ба Конус Цацрагт Компьютер Томограф (КЦКТГ)-ын арга нь хамгийн дэвшилтэт хувилбар тул бид байнгын нэгдүгээр их араа шүдний сурвалжийн сувгийн хөндийн морфометрийг КЦКТГ-ын зурагт судлахаар болов. Зорилго: Монгол хүний байнгын нэгдүгээр их араа шүдний хөндийн морфометрийг КЦКТ-ын зурагт тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив загвараар хийж гүйцэтгэв. Шалгуур үзүүлэлтийн дагуу зорилтот түүврийн аргаар бүтэн хэмжээст КЦКТ зургийг сонгож, зураг бүрд OnDemand 3D программын тусламжтай байнгын их араа шүдний хөндийн морфометрийг судлав. Үүнд шүдний сувгийн хэлбэр (Vertucci, 2005), зөөлцийн эврийн байрлалыг харааны аналоги хэмжүүрээр 3 судлаач тус тус тодорхойлж, үр дүнг дундаж үзүүлэлтээр тооцсон. Судалгааг ёс зүйн зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэсэн ба статистик боловсруулалтыг SPSS27 программ хангамжийг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд сонгогдсон 99 КЦКТГ-ын зурагт нийт 303 шүдэнд хэмжилт хийв. Хоншоорын нэгдүгээр их араа шүдэнд I хэлбэрийн суваг 90.4%, IV хэлбэр 7.8%, II ба V хэлбэр 0.7%-д тодорхойлогдлоо. Эрүүний нэгдүгээр их араа шүдэнд I хэлбэрийн суваг 57.7%, IV хэлбэр 32%, V хэлбэр 6.3%, III хэлбэр 5.1% тус тус илрэв. Цөгцний хөндийн хамгийн өндөр цэг буюу зөөлцийн эврийн байрлал хацар талын медиал талд байгаа нь хоншоорын нэгдүгээр их араа шүдний 97.3%-д нь, эрүүний нэгдүгээр их араа шүдний 98%-д илэрлээ. Дүгнэлт: Судалгаанд ашигласан КЦКТ зурагт 13-62 насны хүмүүсийн байнгын их араа шүдэнд Vertucci-ын I хэлбэрийн суваг зонхилон тохиолдож, хацар талын медиал талын зөөлцийн эвэр хамгийн өндөр байрлалд байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ё.Намуунзул, М.Бадмаараг, Э.Урангуа, Р.Оюунтөгс, Б.Энх-Орчлон
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
