Тархины саатай хүүхдийн алхааны биомеханикийг үнэлсэн үр дүн

Зохиогчид

  • Х.Байгаль АШУҮИС-Сувилахуйн сургууль, Бие бялдар судлалын тэнхим , Энэрэлийн Түүчээ ТББ Зохиогч
  • Х.Батбаяр ШУТИС, МеТС, Биомеханикийн судалгааны лаборатори Зохиогч
  • С.Тэнгис ШУТИС, МеТС, Биомеханикийн судалгааны лаборатори Зохиогч
  • Д.Батлхам АШУҮИС-Сувилахуйн сургууль, Бие бялдар судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Алхаа, Хөдөлгөөн судлал, Тархины саа

Хураангуй

Үндэслэл: Тархины саа нь пренаталь эмгэгийн дотор хамгийн элбэг тохиолддог ба тархины хөгжлийн эрт үеийн гэмтлээс үүдсэн байршлын болон хөдөлгөөний өөрчлөлтийн бүлэг хам шинжээр илэрдэг эмгэг юм. Тархины саа нь улс орны хувьд харилцан адилгүй байгаа боловч дунджаар 1000 амьд төрөлтөнд 1.5-3.4 тохиолддог. Монгол улсад тархины саа 1000 амьд төрөлтөнд 1.89 тохиолддог байна. Тархины саатай хүүхдүүдийн 1/3 нь алхах боломжгүй байдаг боловч их биеийн хөдөлгөөний үйлдлийг тодорхойлох системээр GMFCS I, II, III түвшний хүүхдүүд бие дааж болон туслах хэрэгсэл ашиглан алхах чадвартай байдаг. Судалгаанаас үзэхэд алхааны дүн шинжилгээ нь тархины саагийн хөдөлгөөний эмгэгийн талаар чухал ойлголтыг өгч, эмчилгээний төлөвлөлт, тавилан зэргийг сайжрахад нөлөөлөх ач холбогдолтойг онцолжээ. Зорилго: Тархины саатай, шувуун алхаа (Jump gait)-аар алхдаг хүүхдүүдийн алхааны биомеханик тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа 8-15 насны тархины саа оноштой, их биеийн хөдөлгөөний үйлдлийг тодорхойлох системийн ангиллаар (GMFCS) 1-р түвшний 14, хяналтын бүлэгт 14 эрүүл оролцогчийг тус тус хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчид, асран хамгаалагчдаас ерөнхий асуумж авсан бөгөөд үүнд нас, хүйс, биеийн жин, өндөр зэргийг оруулсан. Бид судалгаандаа 3D оптикал камерын систем болон хүчний хавтанг ашиглан алхах үеийн доод мөчний биомеханикийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Судалгаанд оролцогчдын алхааг бичиж авахын өмнө хүүхдүүдийн биен дээр гэрэл ойлгогч маркеруудыг анатомийн онцлох цэгүүдэд байрлуулсан. Үр дүн: Саатай болон эрүүл хүүхдүүдийн алхааны кинематикийг харьцуулан судлахад алхах үеийн түнхний хөдөлгөөнд хөдөлгөөний далайцын ялгаатай байдал ажиглагдсангүй. Харин саатай хүүхдүүдийн өвдөгний хөдөлгөөний далайцыг хяналтын бүлгийн хүүхдүүдтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байв. Эдгээр ялгаа нь алхах үед саатай хүүхдийн өвдөг бүрэн тэнийхгүй байгааг илтгэж байна. Эрүүл болон тархины саатай хүүхдийн алхах үеийн шагайн хөдөлгөөний кинематикийг харьцуулахад алхааны өсгий газарт хүрэлцэх үе шатанд саатай хүүхдүүдийн шагайн үений далайц сөрөг утгатай байгаа нь өлмийдөж алхаж байгааг илтгэнэ. Алхааны бүх үе шатанд шагайн хөдөлгөөний далайц статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Доод мөчний реакцийн хүчний хувьд хөл газар хүрэлцэх шатанд хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа байхгүй байв. Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн шувуун алхаа нь түнхний үенээс илүүтэйгээр өвдөгний тэнийлгэх хөдөлгөөний хязгаарлалт болон шагайн үений хэт жийлтээр тодорхойлогдож байна. Энэхүү биомеханик өөрчлөлтийг тоон үзүүлэлтээр гаргаж ирсэн нь сэргээн засах эмчилгээг оновчтой болгоход чухал ач холбогдолтой болох нь тогтоогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Батлхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл