Candida albicans-ийн халдварыг хиймэл шүдэлбэрийн хэрэглээтэй холбон судалсан дүн
Түлхүүр үг:
С.albicans, Хиймэл шүдэлбэр, Шүдэлбэрийн арчилгааХураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжиж буй болон хөгжингүй улс орнуудад хүн амын дундаж наслалтын хугацаа ихсэж байгаатай холбоотой 2025 онд дэлхий дахинд 60-аас дээш настай хүн амын тоо 600 сая хүрэх тооцоолол байна. Үүнтэй уялдан хэсгийн ба бүрэн шүдгүйдлийн тархалт нэмэгдэж, нүүр амны согог заслын эмчилгээ, тэр дундаа авагддаг шүдэлбэрийн хэрэгцээ өсөж байна. Авагддаг шүдэлбэр нь салст бүрхэвчээр шүлсний урсацыг саатуулж, бактерийн цэвэршилтийг бууруулж, мөөгний өсөлтийг дэмжих орчныг бүрдүүлдэг. Зорилго: Ахмад настанд амны хөндийн Сandida albicans-ийн халдварыг илрүүлж, хиймэл шүдэлбэрийн хэрэглээтэй холбон судлах Арга, аргачлал: Бид нэг агшингийн судалгааны загвар ашиглан, магадлалт бус түүврийн аргаар Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нүүр амны согог заслын тасгаар нэг сарын хугацаанд үйлчлүүлсэн 55-аас дээш насны 103 хүнийг хамруулав. Амны хөндийгөөс арчдасын сорьц авч, хиймэл шүдний хэрэглээтэй холбоотой мэдээллийг асуумжийн аргаар цуглуулсан. Судалгаанд цуглуулсан арчдасыг сабуро декстроз тэжээлт орчинд өсгөвөрлөн, өсгөврөөс халааж буцалгах аргаар ДНХ ялгасан. Candida spp-г универсал праймер ашиглан ПГУ-аар илрүүлж, MspI рестрикцийн эсгэг ашиглан огтлогдсон хэрчмийн уртын полиморфизмын аргаар C.albicans-ийг ялган дүйв. ПГУ-аар олширсон бүтээгдэхүүнүүдийг гель электрофорезийн аргаар илрүүлж үнэлсэн. Судалгааны ажлын үр дүнг SPSS программ ашиглан тооцооллоо. Үр дүн: Цуглуулсан шинжлэгдэхүүний 39(37.9%)-д C.albicans илэрлээ. Судалгаанд оролцогчдын 21.4% (22) нь анх удаагаа хиймэл шүдэлбэр хийлгэж байсан бол 81 (78.6%) нь 1-ээс дээш жил хэрэглэсэн байна. Хиймэл шүд өмнө хэрэглэж байгаагүй, анх удаа хийлгэж байгаа 22 хүний 9 (40.91%)-д, өмнө хэрэглэж байсан 72 хүний 30 (41.67%)-д C.albicans–ийн халдвар илэрсэн бөгөөд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (р>0.05). Харин шүдэлбэрт зориулалтын ариутгалын уусмал хэрэглэдэг 21 үйлчлүүлэгчийн 3(14.3%)д, хэрэглэдэггүй 51 үйлчлүүлэгчийн 27(52.9%)-д C.albicans-ийн халдвар илэрсэн бөгөөд ариутгалын уусмал хэрэглэдэггүй бүлэгт халдвар 6.75 дахин өндөр байлаа (р<0.05, OD 6.75). Шүдэлбэрээ шөнө авч унтдаггүй үйлчлүүлэгчдийн 45.8% (22/39)-д C.albicans-ийн халдвар илэрсэн нь шүдэлбэрээ авч унтдаг хүмүүстэй харьцуулахад 4 дахин өндөр байлаа (р<0.05, OD 4.04). Мөн өдөрт хиймэл шүдээ угаах давтамж ихсэхэд C.albicans-ийн илрэх хувь буурч байлаа (p<0.05). Дүгнэлт: Хиймэл шүдэлбэр хэрэглэсэн хугацаанаас илүүтэйгээр шүдэлбэрээ авч унтахгүй байх, бага давтамжтай угаах, зориулалтын ариутгалын уусмал ашиглахгүй байх зэрэг шүдэлбэрийн буруу арчилгаа нь C.albicans-ийн халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Өнөржаргал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
