Нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн анхдагч гипотиреоз оношлогдсон дээжинд TSHR генийн R450H мутацийг илрүүлсэн дүн

Зохиогчид

  • Т.Номиндэлгэр АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • М.Номунбилэг АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Ө.Элбэрэлт АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Г.Эрдэнэтуяа АШУҮИС, Анагаах Ухааны сургууль, Хүүхдийн анагаахын тэнхим Зохиогч
  • Б.Мөнхцэцэг АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Төрөлхийн анхдагч гипотиреоз, Хатаасан цус, TSHR p.R450H, Огтлогдсон хэрчмийн уртын полиморфизм

Хураангуй

Үндэслэл: Төрөлхийн анхдагч гипотиреоз (ТАГ) нь бамбай булчирхайн үйл ажиллагаа хэсэгчлэн эсвэл бүрэн алдагдсанаас болж цусан дахь бамбай булчирхайн даавруудын хэмжээ багасах буюу огт ялгарахгүй болсны улмаас олон эрхтэн тогтолцооны өөрчлөлтөөр илэрдэг эмгэг юм. Дэлхийд ТАГ нь 3000-4000 амьд төрөлтөд 1 тохиолддог. ТАГ-ын эмнэлзүйн шинж тэмдгүүд эхэндээ бүдэг, ихэвчлэн төрснөөс нэг сарын дараа илэрдэг бөгөөд оношилгоо, эмчилгээ оройтсон тохиолдолд бие бялдар, сэтгэц хөгжлийн хоцрогдолд хүргэж улмаар хөгжлийн бэрхшээлд хүргэх аюултай өвчин. Уг өвчний шалтгаан нь бүрэн тодорхойгүй ч эхийн иодын дутагдал болон нярайн бамбай булчирхайн хөгжлийг хариуцдаг генийн (TSHR, PAX8, NKX2-1, FOXE1 транскрипцийн хүчин зүйлүүд) мутаци нөлөөлдөг гэж үздэг. TSHR генийн 40 гаруй төрлийн мутаци нь ТАГ үүсгэж байна. Япон, БНХАУ, Тайвань улсад хийсэн судалгаагаар TSHR генийн p.R450H мутаци нь ТАГ үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог байна. Монгол улсад 2021 онд хийгдсэн судалгаагаар ТАГын тархалт 2091 амьд төрөлтөд 1 буюу шинэ тохиолдлын тоо дэлхийн дунджаас өндөр байсан ба манай оронд энэ өвчний молекул генетикийн судалгааны ажил хомс байна. Зорилго: Нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн анхдагч гипотиреоз оношлогдсон дээжинд TSHR генийн R450H мутацийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд МонголЯпон, АШУҮИС-ийн төв эмнэлэгт 2012-2024 оны хооронд нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн анхдагч гипотиреоз оношлогдсон 17 хүүхдийн хатаасан цусыг ашиглав. Бид хатаасан цуснаас ДНХ ялгах аргыг тодорхойлохын тулд нийт 5 аргыг туршин ДНХ гарц, цэвэршилт өндөртэй аргаар ДНХ ялган TSHR генийг ПГУ-аар олшруулав. TSHR генийн p.R450H мутацийг илрүүлэхдээ ПГУ-ын бүтээгдэхүүн дээр Faul рестрикцийн эсгэг нэмэн ДНХ-ийг зүсч, гель электрофорезоор үр дүнг үнэлэв. Үр дүн: Бидний судалгаагаар хатаасан цуснаас 1, 2-р аргаар ДНХ ялгахад гарц, цэвэршилт өндөр байсан тул төрөлхийн анхдагч гипотиреоз оношлогдсон 17 хүүхдийн дээжнээс ДНХ ялган TSHR генийг ПГУ-аар олшруулав. ПГУ-ын бүтээгдэхүүнийг гель электрофорезоор гүйлгэж шалгахад 14 дээж ПГУ-аар олширсон. Үүний дараа TSHR генийн p.R450H мутацийн генотипийг огтлогдсон хэрчмийн уртын полиморфизмоор тодорхойлоход 11 (78.6%) сорьцод G/G генотип, 2 (14.3%) сорьцод G/A генотип, 1 (7.1%) сорьцод A/A генотип тус тус илэрсэн. Дүгнэлт: 2012-2024 оны хооронд нярайн скрининг шинжилгээгээр оношлогдсон төрөлхийн анхдагч гипотиреозтой хүүхдийн дунд TSHR генийн p.R450H гомозигот, гетерозигот мутаци 21.4% тус тус тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ө.Элбэрэлт

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл