Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын түвшин, хөтөлбөрийн агуулгын зөрүүнд хийсэн дүн шинжилгээ
Түлхүүр үг:
ББНҮЭМ, KAP судалгаа, CSE стандарт, Агуулгын зөрүү, Сургалтын нэгдмэл загварХураангуй
Үндэслэл: Дэлхий дахинд залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд (ББНҮЭМ)-ийн асуудал нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл хэвээр байна. Монгол Улсын хувьд БЗДХ-ын нийт тохиолдлын 40 гаруй хувийг 15-24 насныхан эзэлж байгаа нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудал боллоо. Өсвөр үеийнхэнд олгож буй эрүүл мэндийн боловсрол нь биологийн мэдлэгт түлхүү төвлөрч, амьдрах ур чадвар, зөвшилцөл, харилцааны асуудлуудыг орхигдуулснаас шалтгаалан суралцагчдын дунд мэдлэг болон дадлын зөрүү гүнзгийрч, эрсдэлт зан үйлд өртөх магадлал өндөр байна. Иймд залуучуудын ББНҮЭМ-ийн бодит хэрэгцээг тодорхойлж, үндэсний сургалтын агуулгыг олон улсын бэлгийн цогц боловсрол (CSE)-ын стандарттай харьцуулан үнэлэх шаардлага тулгарч байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Их, дээд сургуулийн суралцагчдын бэлгийн боловсролын түвшинг (KAP) харьцуулан үнэлж, үндэсний сургалтын хөтөлбөрийн агуулгыг олон улсын бэлгийн цогц боловсролын стандарттай харьцуулан, агуулгын зөрүүг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар гүйцэтгэж, нийт 585 суралцагчийг (Шинэ элсэгчид n=289, ахлах дамжаа n=296) санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хамрууллаа. Мэдээллийг ЮНЕСКО-ийн CSE стандарт болон үндэсний хөтөлбөрт үндэслэсэн бүтцэт асуумжаар цуглуулж, SPSS 26.0 программ ашиглан x2 болон t-шалгуураар статистик ач холбогдлыг (p<0.05) тооцлоо. Агуулгын шинжилгээг триангуляцийн матриц ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгааны бүлгүүдийн хооронд нас (p<0.001), гэр бүлийн байдал (p<0.001) болон амьдрах орчны (p<0.001) хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол хүйс (p=0.183) болон нийгэм-эдийн засгийн статусын хувьд ижил төрлийн байв. Ахлах дамжааны оюутнуудын ББНҮЭМ-ийн мэдлэг, хандлага, дадал шинэ элсэгчдээс бүх асуулт дээр илүү (p<0.001) байлаа. Гэвч мэдлэг болон дадлын зөрүү (Knowledge-Practice Gap) гүнзгий байна. Тухайлбал, шинэ элсэгчдийн 70% нь БЗДХ-ын талаар мэддэг боловч бэлгэвчний тогтмол хэрэглээ ердөө 45% байна. Агуулгын шинжилгээгээр үндэсний хөтөлбөр нь биологийн мэдлэгийг сайн олгож байгаа ч CSE-ийн үндсэн концепц болох “Зөвшилцөл”, “Харилцааны сэтгэл зүй”, “Цахим аюулгүй байдал” зэрэг агуулга орхигдсон болох нь тогтоогдлоо. Онолын мэдлэгт суурилсан сургалт нь залуучуудыг эмнэлгийн тусламж авахаас эмээх байдалд хүргэж байна. Дүгнэлт: Суралцагчдын дунд ББНҮЭМ-ийн мэдлэг ба дадлын зөрүү (p<0.001) өндөр байгаа нь үндэсний сургалтын хөтөлбөрийн агуулгыг олон улсын CSE стандартын дагуу шинэчлэх нэн шаардлагатайг нотолж байна. Залуучуудын эрсдэлт зан үйлийг бууруулахын тулд зөвхөн мэдээлэл өгөх бус, ур чадварт суурилсан “Сургалтын нэгдмэл загвар”-ыг сургууль-эмнэлэг-гэр бүлийн түншлэлд тулгуурлан нэвтрүүлэх нь зүйтэй.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
