Блок сургалтын зохион байгуулалт болон орчны үнэлгээг судалсан дүн
Түлхүүр үг:
Block curriculum, Course organization, Learning environment, Horizontal integration, Vertical integrationХураангуй
Үндэслэл: Сүүлийн хагас зуун жилийн туршид анагаах ухааны боловсрол нь уламжлалт багш төвтэй загвараас оюутан төвтэй, чадамжид суурилсан, интеграцчилсан сургалтын хөтөлбөрт шилжих томоохон шинэчлэлийг туулж ирсэн. Harden RM нарын SPICES загвар нь энэхүү өөрчлөлтийн үзэл баримтлалын суурийг тавьж, интеграци нь орчин үеийн анагаах ухааны боловсролын хамгийн чухал зарчмуудын нэг болсон. Монгол Улсын анагаах ухааны боловсролын систем нь уламжлалт загвараас олон улсын стандартад нийцсэн орчин үеийн хандлагад шилжих өвөрмөц замналыг туулж ирсэн бөгөөд Анагаах Ухааны Сургууль (АУС) нь 1990-аад оноос эхлэн сургалтын хөтөлбөрөө босоо интеграцилагдсан блок сургалтын загварт шилжүүлсэн. Гэвч энэхүү шинэчлэгдсэн блок сургалтын хөтөлбөрийн чанар, үр нөлөөг оюутнуудын үнэлгээгээр системтэйгээр судалсан судалгаа хомс байсаар байна. Зорилго: “Хүний их эмч” бэлтгэх блок хөтөлбөрт чанарт өгөх оюутнуудын үнэлгээг судлаж нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2023 оны 1-р сараас 2026 оны 1-р сарын хооронд асуумжийн аргаар гүйцэтгэв. АШУҮИС-ийн АУС-ийн Хүний их эмч мэргэжлээр 3-6-р дамжаанд суралцаж буй нийт 1692 оюутнаас давхаргачилсан санамсаргүй түүврийн аргаар 1130 оюутан (эх олонлогийн 66.8%) хамрагдсан. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас нь 22.18±1.43 жил ба эдгээрээс 79.7% нь эмэгтэй, 20.3% нь эрэгтэй байсан. Сургалтын чанарыг сургалтын агуулга (59 асуулт), сургалтын орчин (59 асуулт), зохион байгуулалт (59 асуулт) гэсэн гурван хэмжигдэхүүнээр 5 онооны Ликертийн хэмжүүр (5–санал бүрэн нийлнэ, 4–ихэнхдээ санал нийлнэ, 3–дунд зэрэг нийлнэ, 2–ихэнхдээ санал нийлэхгүй, 1–огт санал нийлэхгүй) ашиглан үнэлсэн. Асуумжийн дотоод найдвартай байдлыг Кронбахын α, блок хоорондын ялгааг нэг хүчин зүйлт ANOVA болон Tukey HSD тест, хэмжигдэхүүн хоорондын хамаарлыг Пирсоны корреляци, сургалтын агуулгад нөлөөлөх хүчин зүйлсийг олон хүчин зүйлт шугаман регрессээр тус тус шинжилсэн. Статистик үнэн магадлалыг 95%-ийн түвшинд (p<0.05) баталгаажуулав. Үр дүн: Судалгаанд ашигласан асуумжийн дотоод нийцэл бүх 7 блокт өндөр байв (Кронбахын α=0.888–0.937). Нийт дундаж оноо сургалт агуулгад 4.00±0.78, сургалтын орчинд 3.91±0.85, зохион байгуулалтад 3.92±0.82 байв. Блок 6 нь сургалтын агуулга (4.15±0.74), сургалтын орчин (4.04±0.81), зохион байгуулалт (4.03±0.81) гэсэн бүх үзүүлэлтээр хамгийн өндөр үнэлэгдсэн бол Блок 1А хамгийн бага дундаж оноо авсан (3.82–3.92). ANOVA шинжилгээгээр блок хоорондын ялгаа бүх гурван хэмжигдэхүүнд статистик ач холбогдолтой (p≤0.005) байсан ч нөлөөллийн хэмжигдэхүүн маш бага (Partial η²=0.003–0.006) байв. Tukey HSD тестээр Блок 6 нь Блок 1А-аас агуулгын хувьд 0.226 оноогоор (95% CI:0.103–0.349, p<0.001), зохион байгуулалтын хувьд 0.206 оноогоор (95% CI:0.078–0.334, p<0.001) өндөр үнэлэгдсэн. Сургалтын агуулга, орчин, зохион байгуулалт хооронд хүчтэй эерэг корреляци илэрсэн (r=0.747–0.820, p<0.001). Дамжаа нь гурван үнэлгээний хэмжигдэхүүнтэй сул сөрөг корреляци үзүүлсэн (r=(-0.033)-(-0.045), p<0.05). Олон хүчин зүйлт шугаман регрессийн шинжилгээгээр сургалтын орчин (β=0.348, p<0.001) ба зохион байгуулалт (β=0.487, p<0.001) нь сургалт агуулгын үнэлгээний нийт дисперсийн 63.6%-ийг тайлбарласан (R²=0.636, F(2,5894)=5143.82, p<0.001). Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс үзэхэд оюутнууд интеграцчилсан блок сургалтын агуулга, сургалтын орчин, зохион байгуулалтыг ерөнхийдөө эерэгээр үнэлсэн бөгөөд ахлах дамжааны блокуудын үнэлгээ илүү өндөр, хоорондоо хүчтэй эерэг хамааралтай байсан нь эдгээр хүчин зүйлүүд харилцан уялдаатайгаар оюутны сэтгэл ханамжид нөлөөлж байгааг харууллаа. Түүнчлэн олон хүчин зүйлт шугаман регрессийн шинжилгээгээр сургалтын зохион байгуулалт, сургалтын орчин нь сургалтын агуулгын үнэлгээнд хамгийн өндөр нөлөө үзүүлж байсан тул сургалтын чанар, оюутны үнэлэмжийг сайжруулахад хичээлийн зохион байгуулалт, сургалтын орчныг боловсронгуй болгох нь чухал байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Өсөхбаяр, А.Цолмонтуяа, А.Аюурзана, Д.Мягмарцэрэн, Э.Хангай
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
