Ахмад настны саркопени дахь ийлдсийн нейротрофик болон мэдрэл-булчингийн гаралтай маркерын хүйсийн ялгаатай байдлын үнэлгээ
Түлхүүр үг:
Саркопени, BDNF, GDNF, CAF22, Булчингийн массХураангуй
Үндэслэл: Саркопени нь насжилттай холбоотой булчингийн масс, хүч болон үйл ажиллагааны алдагдлаар тодорхойлогдох олон хүчин зүйлт эмгэг хам шинж юм. Сүүлийн жилүүдэд нейротрофик болон мэдрэл-булчингийн гаралтай биомаркерыг саркопенийн боломжит оношилгооны үзүүлэлт болгон судалж байгаа боловч тэдгээрийн хүйсийн ялгаатай илрэлийн талаарх нотолгоо хангалтгүй хэвээр байна. Зорилго: Ахмад настны дунд ийлдсийн BDNF, GDNF болон CAF22 маркерыг саркопени болон булчингийн үзүүлэлттэй хамаарах байдлыг хүйсээр харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Аналитик нэг агшингийн судалгааны загвараар 60 ба түүнээс дээш насны ахмад настныг хамруулан судалсан. Саркопенийг Азийн саркопенийн холбооны ажлын хэсгийн (AWGS 2019) шалгуураар тодорхойлсон. Ийлдсийн BDNF, GDNF болон CAF22 түвшинг ELISA аргаар тодорхойлж, бүлэг хоорондын ялгааг үл хамааралт t-test, хамаарлыг Pearson корреляци, саркопенийг ялган оношлох чадварыг ROC шинжилгээгээр үнэлэв. Мөн олон хувьсагчт логистик регрессийн шинжилгээ хийсэн. Үр дүн: Эрэгтэй болон эмэгтэй бүлгийн саркопенитэй ба саркопенигүй оролцогчдын хооронд BDNF, GDNF болон CAF22 түвшинд статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй (бүх p>0.05). ROC шинжилгээнд BDNF, GDNF болон CAF22 маркеруудын AUC утга эрэгтэй бүлэгт 0.540–0.542, эмэгтэй бүлэгт 0.508–0.530 байв. Логистик регрессийн шинжилгээгээр нас (OR=1.12, 95% CI: 1.04–1.21, p=0.003) болон бага өөхгүй жингийн индекс (OR=0.78, 95% CI: 0.66–0.91, p=0.001) нь саркопенитэй статистикийн ач холбогдолтой хамааралтай байсан бол BDNF, GDNF болон CAF22 маркерууд бие даасан хамаарал үзүүлээгүй. Дүгнэлт: 1. Ахмад настны саркопенитэй болон саркопенигүй бүлгийн хооронд ийлдсийн BDNF, GDNF болон CAF22 түвшинд эрэгтэй болон эмэгтэй бүлэгт статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй (бүх p>0.05). 2. Ийлдсийн биомаркеруудын булчингийн үзүүлэлтүүдтэй хамаарлыг үнэлэхэд эрэгтэй бүлэгт CAF22 түвшин булчингийн масс болон өөхгүй жингийн индекстэй сул сөрөг хамааралтай (p<0.05), эмэгтэй бүлэгт BDNF түвшин гарын атгах хүч болон өөхгүй жингийн индекстэй сул эерэг хамааралтай байв (p<0.05). Нас нэмэгдэхийн хэрээр CAF22 түвшин сул нэмэгдэх хандлага ажиглагдсан (p<0.05). 3. ROC болон логистик регрессийн шинжилгээгээр BDNF, GDNF болон CAF22 маркеруудын саркопенийг ялган оношлох чадвар хангалтгүй (AUC=0.508–0.542) бөгөөд саркопенитэй бие даасан хамаарал үзүүлээгүй (бүх p>0.05). Харин өндөр нас (OR=1.12, p=0.003) болон бага өөхгүй жингийн индекс (OR=0.78, p=0.001) нь саркопенитэй статистикийн ач холбогдолтой хамааралтай байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Цэрэнвандан, Т.Буянхүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
