Эрүүний бүрэн шүдгүйдлийн түүшин сэртэнгийн шимэгдэл ба түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан дүн
Түлхүүр үг:
Бүрэн шүдэлбэр, Шүдэлбэрийн тогтоц, Шүдэлбэрийн тоо, Оочны нүх, Дэлгэмэл рентген зурагХураангуй
Үндэслэл: Бүрэн шүдгүйдэлийн морфологийн өөрчлөлтүүдийн нэг нь түүшин ясны шимэгдэл юм. Шүд авсны дараа түүшин ясанд шимэгдлийн процесс давамгайлснаар ясны өндөр, өргөн буурдаг. Шүдгүйдлийн дараах эхний жилд хамгийн эрчимтэй явагддаг. Ялангуяа доод эрүүний яс нь хоншоорын яснаас хурдан шимэгддэг. Сүүлийн жилүүдэд дэлгэмэл рентген зураг дээр тулгуурлан түүшин ясны шимэгдлийг үнэлэх аргууд өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд ялангуяа оочны нүх (foramen mentale)-ийг тогтвортой анатомийн цэг болгон ашиглах нь хэмжилтийн алдааг бууруулж, үнэлгээ хийх боломжийг олгодог байна. Зорилго: Эрүүний бүрэн шүдгүйдэлтэй үйлчлүүлэгчийн түүшин сэртэнгийн шимэгдэл ба түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Нүүр Ам Судлалын Төв эмнэлэг (НАСТЭ)-ийн НАСЗТ, Нүүр Амны Дүрс Оношилгооны тасгийг түшиглэн нийт 50 үйлчлүүлэгчийг хамруулан, 11 асуулт бүхий асуумж судалгаа аван, дэлгэмэл рентген зураг авсан. Дэлгэмэл рентген зурагт хэмжилт хийн эрүүний түүшин шимэгдлийн тоон утгыг гарган үр дүнг SPSS (26.0) программ ашиглан үр дүнд статистик шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 68.2±9.2 жил, 32% нь эрэгтэй (n=16), 68% нь эмэгтэй (n=34) байсан. Эрүүний түүшин сэртэнгийн шимэгдэл нь эрэгтэйчүүдэд 34.6±14.4, эмэгтэйчүүдэд 50,4±11.6 байна. Хүйсийн хувьд статистикийн ач холбогдолтой ялгаатай байсан (p<0.001). Түүшин сэртэнгийн шимэгдэл болон шүд авхуулсан хугацааны хооронд эрэгтэй эмэгтэй хүйсийн аль алинд нь статистикийн ач холбогдолтой ялгаа илэрсэнгүй (p=0.288). Түүшийн шимэгдэл ба шүдэлбэр зүүсэн хугацааны хооронд эрэгтэй эмэгтэй хүйсийн аль алинд статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй (p=0.133). Мөн түүшийн шимэгдэл ба шүдэлбэр эмчилгээний тоо нь хоорондоо статистикийн ач холбогдол бүхий ялгаагүй байлаа (p=0.213). Дүгнэлт: Эрүүний түүшин ясны шимэгдэл нь эмэгтэйчүүдэд илүү явагдаж байна. Харин шүдгүйдлийн хугацаа нь түүшин сэртэнгийн шимэгдэлд нөлөөгүй байна. Мөн шүдэлбэр зүүсэн хугацаа болон шүдэлбэр хийлгэсэн тоо нь түүшин сэртэнгийн шимэгдэлд нөлөөгүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Сапаар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
