Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын таргалалтын тархалтыг нойрны үзүүлэлттэй холбон судалсан нь (Баянзүрх дүүргийн жишээ дээр)

Зохиогчид

  • Э.Цэлмэг АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв , Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв Зохиогч
  • И.Туяажаргал АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв Зохиогч
  • Ж.Мядагмаа АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв Зохиогч
  • Д.Амарсайхан АШҮУИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Эрүүл мэндийн салбар, Нойрны хэв маяг, Нойрны чанар, Амьдралын чанар, Нойргүйдэл

Хураангуй

Үндэслэл: Эрүүл мэндийн салбарын ажилтнууд нь ажлын ачаалал, шөнийн ээлжийн хуваарь зэргээсээ шалтгаалан таргалалт, нойрны хямралд өртөх эрсдэлтэй байдаг боловч манай улсын эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын таргалалт болон нойрны хэв маягийн хоорондын хамаарлыг судалсан судалгаа харьцангуй хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын таргалалтын тархалтыг нойрны хэв маягтай холбон судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025 оны 10-12 сарын хооронд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгаанд шалгуурыг хангасан 293 ажилтан сайн дурын үндсэн дээр хамрагдаж, ДЭМБ, НҮБ, АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвөөс хамтран боловсруулсан эрүүл мэндийн зан үйл, эрсдэлийг үнэлэх Питтсбургийн нойрны чанарын индекс (PSQI), Нойргүйдлийн хүндийн зэргийн индекс (ISI)-ийг тодорхойлох нийт 51 асуумжид хариулсан. Оролцогчдын өндөр, жинг хэмжиж биеийн жингийн индекс (БЖИ)-ийг тодорхойлон ДЭМБ-ын шалгуураар 6 ангилсан. Бүсэлхийн тойргийг хэмжиж төвийн таргалалтыг үнэлсэн. Статистик боловсруулалтыг SPSS-23.0 программаар гүйцэтгэн хамаарлыг корреляци, ANOVA шинжилгээгээр үнэлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 83.3% нь эмэгтэй, 37.9% нь 25-34 насныхан байв. БЖИ-ийн үнэлгээгээр 40.6% нь хэвийн жинтэй, 42.0% нь илүүдэл жинтэй, 15.4% нь таргалалттай, эрэгтэйчүүдийн 63.3%, эмэгтэйчүүдийн 67.6% нь төвийн таргалалттай байв. Судалгаанд хамрагдагсдын 56.7% нь өдөрт 5–6 цаг унтдаг, 67.2% нь нойр дутуу үед сэргэх зорилгоор кофе, энергийн ундаа хэрэглэдэг байв. Нойргүйдлийн хүндийн зэргийн индексээр үнэлэхэд 30.7% нь нойр хэвийн, харин 39.9% нь хөнгөн, 23.5% нь дунд, 5.8% нь хүнд зэргийн нойргүйдэлтэй байв. БЖИ болон нойргүйдлийн хүндийн зэргийн хооронд статистикийн ач холбогдолтой хамаарал илрээгүй (p>0.05). Орондоо орсны дараа унтах хүртэлх хугацаа уртсах болон шөнийн ээлжинд ажиллах нь нойргүйдлийн хүндийн зэрэг нэмэгдэхтэй хамааралтай байв (p<0.05). Питтсбургийн нойрны чанарын индексээр оролцогчдын 63.8% нь нойрны чанар сайн, 35.8% нь нойрны чанар муу, БЖИ болон нойрны чанар хооронд маш сул хамаарал ажиглагдсан (r=0.135, p<0.05). Дүгнэлт: Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дунд илүүдэл жин, таргалалтын тархалт өндөр, БЖИ болон нойрны чанар хооронд маш сул хамааралтай байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Мядагмаа, Д.Амарсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл