Цусны хавдартай эмчлүүлэгчдийн амьдралын чанарыг үнэлсэн нь
Түлхүүр үг:
Цусны хавдар, Амьдралын чанар, HM-PRO, EQRTCХураангуй
Үндэслэл: Цусны хавдар нь цус төлжүүлэх эрхтэн тогтолцоог хамарсан хорт хавдрын бүлэг өвчин бөгөөд урт хугацааны эмчилгээ, олон төрлийн гаж нөлөөний улмаас эмчлүүлэгчдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх нь элбэг байдаг. Иймээс эмчилгээний үр дүнг зөвхөн эмнэлзүйн үзүүлэлтээр бус амьдралын чанарын үнэлгээгээр тодорхойлох шаардлага нэмэгдэж байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Цусны хавдартай эмчлүүлэгчдийн амьдралын чанарыг үнэлэх, ашигласан асуумжийн дотоод найдвартай байдлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан аналитик агшингийн загвараар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийг түшиглэн 2020–2025 онд хийсэн. Судалгаанд нийт 118 эмчлүүлэгчийг магадлалт бус түүврийн аргаар хамруулсан. Амьдралын чанарыг үнэлэхдээ Hematological Malignancy Patient-Reported Outcome Measure (HM-PRO) болон EORTC QLQ-F17 асуумжийг ашиглаж, өгөгдлийг SPSS-28.0 программ ашиглан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийн дундаж нас 52.9±1.2 байсан бөгөөд 53% нь эмэгтэй, 47% нь эрэгтэй байв. Оношийн хувьд 42% нь цочмог лейкеми, 42% нь лимфома, 16% нь түгмэл миелома байлаа. HM-PRO асуумжийн дотоод найдвартай байдлын индекс Cronbach›s Alpha =0.96 гарсан нь асуумжийн найдвартай байдлыг өндөр болохыг харуулсан. Эмчилгээний өмнөх амьдралын чанарын дундаж оноо 61.57 байсан бол эмчилгээний дараа 90.09 болж статистикийн ач холбогдол бүхий ялгаатайгаар (p<0.05) нэмэгдсэн нь эмчилгээний үр дүнд өвчний шинж тэмдэг буурч, амьдралын чанар сайжирсныг илэрхийлж байна. Дүгнэлт: Цусны хавдартай эмчлүүлэгчдийн амьдралын чанар нь эмчилгээний дараа мэдэгдэхүйц сайжирч байгаа нь тогтоогдлоо. Иймд эмчилгээний үр дүнг үнэлэхдээ амьдралын чанарын үнэлгээг эмнэлзүйн үзүүлэлттэй хамтатган ашиглах нь эмчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой болох нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Мягмарцэрэн, А.Отгонбат
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
