Хүүхдийн хүнсний харшлыг илрүүлсэн үр дүн
Түлхүүр үг:
Өндөг, Үнээний сүү, Газрын самар, Арьсны харшил, IgE-нөхцөлдсөн хүнсний харшилХураангуй
Үндэслэл: Судалгаагаар хүүхдийн дунд IgE-ээр нөхцөлдсөн хүнсний харшлын тархалт сүүлийн хэдэн арван жил дэлхий даяар улам бүр нэмэгдэн, зарим тохиолдолд хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвал буюу анафилаксид өртөж байна. Тархалтын хувьд улс орон бүрт харилцан адилгүй боловч дунджаар олон улсад 6-10% тохиолдож байна. Манай улсын хувьд сүүлийн үеийн тоо баримт дутмаг тул хүүхдийн дунд тохиолдох хүнсний харшлыг илрүүлэн судлаж, цаашдын тохирсон эмчилгээ, зөвлөгөөг өгөх нь чухал юм. Зорилго: Хүүхдийн дунд хүнсний харшлын зонхилох шалтгаан ба нөлөөлөх зарим хүчин зүйлсийг илрүүлэх. Арга, аргачлал: Аналтик судалгааны агшингийн загвараар 2025.06 сараас 2025.12 сарыг дуустал хүнсний харшлыг илрүүлэх асуумжинд хамрагдсан хүүхдүүдийн мэдээлэлд Excel, R программ ашиглан боловсруулалт хийсэн. Үр дүн: Хүүхдийн дунд хүнсний харшлыг илрүүлэх асуумжинд 0-5 насны нийт 244 хүүхэд хамрагдсанаас 18.8% нь хүнсний харшилтай тодорхойлогдсоноос хүнсний харшлын хамгийн түгээмэл шалтгаан болсон өндөгт 5.4%, үнээний сүүнд 2.6%, газрын самарт 2.3%, буудайн гурилд 0.8% нь харшилтай байна. Харин 7.7% нь шар жимс, тоор, улаан лооль, шар хулуу гэсэн түгээмэл бус хүнсэнд харшилтай гэж тодорхойлогдсон. Арьсны харшил нь хүнсний харшил үүсэхэд хамгийн хүчтэй бие даасан эсрдэлт хүчин зүйл (OR 15.3, 95% CI 3.73-107, p<0.001) болж байсан бол хүүхдийн гэр бүлийн харшлын өгүүлэмж мөн хүнсний харшилд өртөх эрсдэлийг 3.6 дахин (OR 3.66, p=0.042), нэмэгдүүлж байна. Түүнчлэн хүүхдийг хөхний сүүгээр 6 сараас дээш хугацаагаар үргэлжлүүлэн хооллох нь харшлаас сэргийлэх (p=0.041) нөлөөтэй байна. Хүнсний харшлыг хүүхдийн антибиотикийн хэрэглээ, төрөх зам, эхийн жирэмсэн үеийн амин дэмийн хэрэглээтэй холбон судалсан ч статистик ач холбогдол бүхий хамааралгүй байв. Дүгнэлт: 1. Эцэг эх, асран хамгаалагчийн мэдээллэсэн асуумж судалгааны үр дүнгээр хүүхдийн дунд хүнсний харшил 18.8% -ийг эзэлж байна. 2. Хүүхдийн арьсны харшил, удамшил нь хүнсний харшлын хүчтэй эрсдэлт хүчин зүйл болж байна. Хөхний сүүгээр 6 сараас дээш хугацаагаар хооллох нь хүүхдийн хүнсний харшилд өртөх эрсдлийг бууруулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Оюунтулга, П.Хэрлэн, С.Мөнхбаярлах
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
