Уламжлалт жор найрлагад суурилсан Дэ-Мон сиропын томуугийн эсрэг эмнэлзүйн судалгаа

Зохиогчид

  • Ж.Мөнхжаргал АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч
  • Ц.Маналжав АШУҮИС, АУС, Уушги судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Алтантуяа АШУҮИС, АУС, Хүүхдийн анагаахын тэнхим Зохиогч
  • Н.Оюунцэцэг АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Influenza, Сироп эм, Томуу, Вирус, Уламжлалт эм

Хураангуй

Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд томуу өвчний эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн Дэва-5 тангийн судалгаагаар томуугийн А(H3) вирусийг дарангуйлах, Staphylococcus aureus бактерийн өсөлтийг саармагжуулах үйлдэлтэй болох нь тогтоогдсон. Энэхүү уламжлалт жор найрлагад технологийн боловсруулалт хийж Дэ-мон сиропыг гарган авсан бөгөөд уг сироп цочмог үрэвслийн эсрэг нөлөөтэй болох нь судалгаагаар тогтоогдсон тул эмнэлзүйн судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт жор найрлагад суурилсан Дэ-Мон сиропын томуу өвчний үед үзүүлэх үрэвслийн эсрэг нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Төв эмнэлгийн амбулаторийн хүүхэд болон уушги судлалын кабинетийг түшиглэн санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны загвараар 2025 оны 11-р сараас 2026 оны 3-р сар хүртэлх хугацаанд хамруулах шалгуурт нийцсэн 160 хүнийг хамруулан санамсаргүй түүврийн аргаар 2 бүлэгт хувааж, эмчилгээний бүлэгт томуугийн стандарт эмчилгээ болох оселтамивир дээр нэмж Дэ-Мон сиропыг хүүхэд болон насанд хүрэгчдэд тохирох тунгаар өдөрт 4 удаа, 5 өдөр уулгав. Хяналтын бүлэгт оселтамивирийг хүүхэд болон насанд хүрэгчдэд өдөрт 2 удаа нийт 5 хоног уулгав. Судалгааны үр дүнг эмчилгээний өмнө болон дараа гематологийн шинжилгээг авч үр дүнг тооцсон. Үр дүн: Судалгаагаар эмчилгээний насанд хүрэгсдийн бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад цагаан эс, нейтрофилийн хэмжээ статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) буурсан. Эмчилгээний бүлгийн хүүхдүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад цусан дахь цагаан эс, С-урвалж уураг, нейтрофилийн хэмжээ буурсан нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дүгнэлт: Уламжлалт жор найрлагад суурилсан Дэ-Мон сироп нь томуу өвчний үед цусны цагаан эс, С-урвалж уураг, нейтрофилийн хэмжээг статистик үнэн магадлалтайгаар бууруулж (p<0.05) үрэвслийн эсрэг нөлөө үзүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Маналжав, Ц.Алтантуяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл