Нойрны хямрал ба зан үйлийн эрсдэлт зарим хүчин зүйлийг тодорхойлсон нь

Зохиогчид

  • Д. Дэлхийцэцэг АШУҮИС, Био-АС, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч
  • М. Мөнхзол АШУҮИС, Био-АС, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Нойрны өөрчлөлт, Сэтгэл түгшилт, Сэтгэл гутрал, Амьдралын хэв маяг, Хэвийн бус нойр

Хураангуй

Үндэслэл: Нойр нь бие махбодын дотоод орчны тэнцвэр, сэтгэл зүйн болон танин мэдэхүйн тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Ялангуяа аксоныг нөхөн сэргээх, ой санамжийг шинэчлэх замаар бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийг хадгалах үндсэн процесс юм. Иймээс нойрны эмгэг, нойрны хямрал нь эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлт төдийгүй зан үйлийн эрсдэлд хүргэж болно. Зорилго: Нойрны хямралыг үнэлэн, эрсдэлт зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид “Богд-Уул” сувилалд нойргүйдлийн бус шалтгааны улмаас 2024 оны 12 сараас 2025 оны 03 сарын хооронд хэвтэн, сувилуулсан сувилуулагчдаас 18-аас 89 насны, 209 хүнийг эрэгтэй, эмэгтэй хүйсийг харгалзахгүйгээр, санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж, агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Нойрны хямралыг PSQI (Pittsburgh Sleep Quality Index), сэтгэл түгшилтийг STAI (State-Trait Anxiety Inventory буюу СпильбергХанины) сорилоор, гутралыг CES-D (Center for Epidemiologic Studies Depression Scale) нийтэд нээлттэй сорилоор тус бүр илрүүлэн, нойрны хямралд нөлөөлж болохуйц амьдралын хэв маягийг асуумж судалгаагаар үнэллээ. PSQI сорилоор 5-аас дээш оноотой бол нойрны хямралтай, сэтгэл түгшилтийг илрүүлэх STAI (State-Trait Anxiety Inventory буюу Спильберг-Ханины) сорилоор 0-1.4 оноо бол сэтгэл түгшилтгүй, 1.5-1.9 бол хөнгөн, 2.0-2.9 бол дунд, 3.0-3.4 хүнд зэрэг, 3.5-4.0 бол гүнзгий сэтгэл түгшилттэй хэмээн дүгнэв. Сэтгэл гутралыг илрүүлэх CES-D (Center for Epidemiologic Studies Depression Scale) сорилоор сэтгэл гутралгүй (0-15 оноо), дунд зэрэг (15-21 оноо), хүнд зэргийн (22≤ оноо) сэтгэл гутралтай хэмээн үнэлж, ангилсан. Үр дүн: Судалгаанд 18-89 насны, нийт 209 хүн хамрагдсан ба дундаж нас 49.61±17.64 жил (эрэгтэйчүүд 52.23±2.52 жил, эмэгтэйчүүд 48.65±1.39 жил) байлаа. Судалгаанд хамрагдагсадын 25.4% (n=53) нь эрэгтэйчүүд, 74.6% (n=156) нь эмэгтэйчүүд байв. PSQI сорилоор судалгаанд оролцогчдын 45.9% (n=96) нь нойрны өөрчлөлтгүй, 54.1% (n=113) нь нойрны хямралтай болох нь тогтоогдсон. Нойрны хямрал тодорхойлогдсон хүмүүсийн 79.6% (n=90) нь эмэгтэй, 20.4% (n=23) нь эрэгтэй байв. Сэтгэл зүйн байдлыг үнэлэхэд нийт оролцогчдын 23.4% (n=49) нь стресс хүчин зүйлд байнга өртдөг, 70.8% (n=148) нь одоогийн сэтгэл түгшилттэй, 85.6% (n=179) нь суурь сэтгэл түгшилттэй, 23.4% (n=49) нь сэтгэл гутралтай тодорхойлогдсон. Сэтгэл зүйн байдлыг бүлэг хооронд тодорхойлоход хэвийн нойртой бүлэгт сэтгэл түгшилтгүй (42.7%) болон хөнгөн хэлбэр (37.5%) зонхилж байсан бол нойрны хямралтай оролцогчдын 70 гаруй хувьд хөнгөн (34.5%) ба дунд (36.3%) зэрэг, түүнчлэн, хүнд хэлбэр (11.5%) тус тус тодорхойлогдсон нь хэвийн нойртой бүлгээс 2.6 дахин илүү тогтоогдсон. Суурь сэтгэл түгшилтийн хувьд ч дээрхтэй ижил буюу хэвийн нойртой хүмүүсийн дунд суурь сэтгэл түгшилтгүй (28.1%) ба хөнгөн (46.9%) зэрэг давамгайлж, харин нойр хямарсан оролцогчдод дунд (41.6%) ба хүнд (20.4%) зэргийн түгшилт талаас илүү хувь тодорхойлогджээ. Хэвийн нойртой хүмүүсийн 85.5% сэтгэл гутралгүй байсан бол нойр хямарсан бүлгийн 30 гаруй хувьд дунд ба хүнд зэргийн гутрал (тус бүр 15.9%) тохиолдож байв. Нойрны хямрал ба одоогийн сэтгэл түгшилт (r=0.309; p=0.000), суурь сэтгэл түгшилт (r=0.451; p=0.000), сэтгэл гутрал (r=0.312; p=0.000) тус бүр шууд, дунд зэргийн хамааралтай, харин оройн цагаар оюуны ачаалалтай ажил хийх (Phi=0.216; X2=9.754, df=1, p=0.002), нойрны хэмнэл тогтмол бус байх (Phi=0.181; X2=6.880, df=1, p=0.009), стресс хүчин зүйлийн нөлөөнд байнга өртөх (Phi= 0.254; X2= 13.470, df=1, p=0.000) зэрэг нь сул хамааралтай байсан. Нойрны хямралд оройн цагаар оюуны ачаалалтай ажил хийх (OR=6.660; CI95%; 1.501:29.546), стресс хүчин зүйлийн нөлөөнд байнга өртөх (OR=4.904; CI95%; 1.973:12.189), оройн цагаар өтгөн цай, кофе уух (OR=3.288; CI95%; 1.010:10.700), нойрны тогтмол бус хэмнэлтэй байх (OR=2.096; CI95%; 1.122:3.916), суурь сэтгэл түгшилт (OR=1.088; CI95%; 1.041:1.137), одоогийн сэтгэл түгшилт (OR=1.038; CI95%; 1.000:1.076) зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болж байна. Дүгнэлт: Нойрны хямралд оройн цагаар оюуны ачаалалтай ажил хийх, стресс хүчин зүйлийн нөлөө, оройн цагаар өтгөн цай, кофе уух, тогтмол бус нойрны хэмнэлтэй байх, одоогийн болон суурь сэтгэл түгшилт зэрэг нь тус тус эрсдэл болж байгаа тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д. Дэлхийцэцэг, М. Мөнхзол

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл