Монголд оношлогдсон Гемофили А, Б өвчний зарим тохиолдлуудад F8, F9 генийн мутацийг илрүүлсэн дүн
Түлхүүр үг:
Гемофили А Гемофили Б F8 F9 Монгол Генийн мутаци АШУҮИС, Био-анагаахын сургууль, Утас: 88065768Хураангуй
Үндэслэл: Гемофили А, Б өвчин Х-хромосомын ноёлогдогч генээр удамшин дамждаг, цус бүлэгнэлтийн VIII, IX факторын хомсдолын шалтгаант цусархагшлын шинжээр илрэх моногенийн шалтгаант эмгэг юм. Ийм өвчнөөр эрэгтэй хүн өвдөж, эмэгтэй хүн шинж тэмдэггүй далд тээгч болно. Пробандад уг өвчний эмгэг аллелийг тодорхойлсноор нэгдүгээрт тухайн гэр бүл дэх мутацийг хэв шинжийг тодорхойлох, хоёрдугаарт садан төрлийн эмэгтэйчүүдэд далд тээгчийг илрүүлэх, улмаар пренаталь оношилгоог хийх, цус алдалтын эрсдлээс сэргийлэх, ингибитор үүсэх эрсдлийг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой. Зорилго: Монголд оношилогдсон гемофили-А, Б-тэй хүмүүсийн дунд F8, F9 генийн мутацийг илрүүлэх. Арга, аргачлал: Уг судалгаанд 2013 оноос 2022 оны хооронд УНТЭ, ЭХЭМҮТ-ийн цусны эмгэг судлалын тасаг, АШУҮИС-ийн БАС-ийн Молекул биологи-Удамзүйн тэнхмийн “Удамзүйн зөвлөгөө өгөх кабинет”-аар үйлчлүүлж буй Гемофили А, Б оноштой хүмүүсийг хамруулсан. Мутац илрүүлэхдээ полимеразын гинжин урвал (ПГУ), урт бүтээгдэхүүнт-ПГУ, нуклеотидын дараалал тогтоох Sequence шинжилгээний аргыг ашиглав. Үр дүн: Судалгаанд Гемофили А (ГА)-гийн 27 гэр бүлийн 32 өвчтөн (хүнд хэлбэр 30, хүндэвтэр 1, хөнгөн хэлбэр 1), Гемофили Б (ГБ)-гийн 8 өвчтөн (хүнд хэлбэр 6, хөнгөн 2), нийт 40 хүн хамрагдсан. Үүнээс Эмнэлзүй-удам судлалын анализаар Гемофили А – гийн 5 гэр бүл, Гемофили Б-гийн 2 хүн тус бүр удмын өгүүлэмжтэй. Гемофили А-тай хүмүүсийн 90% (29/32)-д F8 генийн эмгэг мутаци илэрсэн. Хүндэвтэр ГА-тай нэг тохиолдолд полиморфизм, хөнгөн хэлбэрийн ГА-тай 1 хүнд 7-р интрон дахь нэг суурийн гээгдэл тус тус илэрсэн. Хүнд хэлбэрийн ГА-тай 25 гэр бүлийн 56% (14 гэр бүлийн 16 хүнд)-д интрон-22 инверси, 12%(3 гэр бүлийн 4 хүнд)-д интрон-1 инверси, хоёр хүнд (8%) F8 генийн нэг болон олон экзоны гээгдэл, 2 гэр бүлийн 3 хүнд миссенс, 2 хүнд нэг суурийн гээгдэл илэрсэн. Эдгээр эмгэг мутациас c.2240del мутаци нь F8 генийн мутацийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу шинэ мутаци болохыг тодорхойлсон юм. Хүнд хэлбэрийн ГБ-тэй 6 тохиолдолд нийт 5 мутаци илэрсэн. Үүнээс c.187_188del болон с.1314_1314del гэсэн 2 мутаци нь F9 генийн мутацийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй байсан тул эдгээр нь шинэ мутаци болох нь тодорхойлогдлоо. Хөнгөн хэлбэрийн ГБ-тэй 2 хүнд ямар нэгэн мутаци илэрсэнгүй. Дүгнэлт: Хүнд хэлбэрийн гемофили А-ийн тохиолдлын дунд интрон-22 болон интрон-1 инверси мутаци өндөр давтамжтай илэрч байна. F8 генийн c.2240del, F9 генийн c.187_188del болон с.1314_1314del мутаци нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй бөгөөд эдгээр нь Гемофили өвчний хүнд хэлбэрийн фенотипийг үүсгэх шалтгаан болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Содномцогт, П.Эрхэмбулган
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
