Дижитал болон уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцыг харьцуулсан дүн

Зохиогчид

  • Б.Буянхишиг АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургууль, Нүүр амны согог заслын тэнхим Зохиогч
  • П.Жавхлан АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургууль, Нүүр амны согог заслын тэнхим Зохиогч
  • Б.Баатархүү АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургууль, Нүүр амны технологийн тэнхим Зохиогч
  • Б.Отгонбаяр АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургууль, Нүүр амны согог заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Тогтоц, Дасан зохицол, Хэмжилт

Хураангуй

Үндэслэл: Сүүлийн 10 жилд бүрэн шүдгүйдлийн тархалт буурсан ч улс, бүс нутгаар харилцан адилгүй хэвээр байна. Жишээлбэл, АНУ-д 15 ба түүнээс дээш насны насанд хүрэгчдийн дунд бүрэн шүдгүйдлийн тархалт 4.9%, Хятадад ахмад настнуудын дөрөвний нэг нь бүрэн шүдгүйдэлтэй байна. Үүнийг эмчлэх гол арга нь бүрэн шүдэлбэр юм. Сүүлийн 10 жилд дижитал технологи ашиглан бүрэн шүдэлбэр хийх ажил ихээхэн нэмэгдсэнээр уламжлалт аргаар хийсэн бүрэн шүдэлбэр болон дижитал технологиор хийсэн бүрэн шүдэлбэрийг харьцуулсан судалгаа хийгдэх болсон. Манай орны хувьд дижитал болон уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцыг харьцуулсан судалгаа хараахан хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Дижитал болон уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн анхны тогтоц, шүдэлбэр хэвшсэний дараах тогтцод гарах өөрчлөлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал; Бид энэхүү судалгааг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурлын №2425/05-02 тоот дугаар шийдвэрээр Нүүр Ам Судлалын Сургууль (НАСС)ийн Нүүр Амны Согог Заслын Тасаг (НАСЗТ), Дижитал технологийн лабораторийг түшиглэн хоншоорын бүрэн шүдгүйдэлтэй 15 хүнд дижитал болон уламжлалт аргаар нийт 30 бүрэн шүдэлбэр хийв. Бүрэн шүдэлбэр бүрийг нэг сарын хугацаанд хэрэглэсний дараа шүдэлбэрийн тогтцыг (force gauge AMF500) багаж ашиглан дахин тодорхойлсон. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ дээр гүйцэтгэж магадлалын түвшин p<0.05 үед ач холбогдол бүхий ялгаатай гэж дүгнэв. Үр дүн: Анхны хэмжилтээр дижитал болон уламжлалт аргуудын ялгааг шалгах зорилгоор Wilcoxon Signed Ranks Test хийсэн. Үр дүнд Z=-2.045, p=0.041 (p<0.05) гарсан. 1 сарын дараах давтан хэмжилтэнд Friedman тестээр дөрвөн бүлгийн хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа илэрсэн (χ²(3)=11.40, p=0.01). Wilcoxon signed-rank тестээр харьцуулахад уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцын 1 сарын дараах үр дүн ач холбогдол бүхий ялгаатай (Z=-2.803, p=0.005), CAD/CAM аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцын 1 сарын дараах үр дүн ач холбогдол бүхий ялгаатай (Z=-2.497, p=0.013) байна. Харин CAD/CAM ба уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтцын анхны хэмжилт болон давтан хэмжилтийг хооронд нь харьцуулсан (p=0.059) статистикийн ач холбогдолгүй байв. Дүгнэлт: Анхны хэмжилтээр уламжлалт аргаар хийсэн хоншоорын бүрэн шүдэлбэрийн тогтоц дижитал аргыг бодвол статистикийн хувьд илүү тогтоцтой байсан. 1 сарын дараах давтан хэмжилтээр уламжлалт болон дижитал аргаар хийсэн шүдэлбэрийн тогтоц илүү сайжирсан байгаа нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Жавхлан, Б.Баатархүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл