Азооспермийн эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн
Түлхүүр үг:
Эрэгтэй үргүйдэл, Гахайн хавдар, Бэлгийн булчирхайн үрэвсэлХураангуй
Үндэслэл: Азоосперми нь эрэгтэй шалтгаант, хамгийн хүнд хэлбэрийн үргүйдэл ба нийт эрэгтэйчүүдийн 1 хувь, үргүйдэлтэй эрэгтэйчүүдийн 10-15 хувийг эзлэж байна. Тамхи, архины хэрэглээ, дааврын өөрчлөлттэй эмгэг, төмсөгний гэмтэл ба үрэвсэлт өвчин зэрэг нь азооспермийн эрсдэлт хүчин зүйл болж байгааг судлан тогтоосон байна. Зорилго: Азооспермийн шалтгаант үргүйдэл үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Бид Монгол эрэгтэйчүүдэд азооспермийн хэлбэрийн үргүйдэл үүсгэж буй хүчин зүйлсийг судлан, эрсдлийг тооцох зорилгоор тохиолдол-хяналтын загвараар хийж гүйцэтгэлээ. Тохиолдлын бүлэгт 2019-2021 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг ба “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төвд азоосперми онош батлагдсан, хяналтын бүлэгт үрийн шингэний шинжилгээ хэвийн үйлчлүүлэгчдийг 1:2 харьцаагаар хамруулж, тусгайлан боловсруулсан асуумж ашиглан, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэн, тооцож судалсан. Үрийн шингэний шинжилгээг ДЭМБ-ын удирдамжийн дагуу хийж, үнэлэв. Үр дүн: Судалгаанд нийт 180 хүн хамрагдсанаас тохиолдлын бүлэгт азоосперми оноштой 57, хяналтын бүлэгт ДЭМБ-ын шалгуурын дагуу үрийн шингэний шинжилгээ хэвийн 123 хүн хамрагдсан. Дундаж нас 35.56±6.95 жил (хяналтын бүлэгт 35.80±7.79 жил, тохиолдлын бүлэгт 35.04±4.66 жил) байв. Судалгааны үр дүнгээс харахад нийгэм, эдийн засаг ба амьдралын хэв маягийн үзүүлэлт нь азосперми үүсэх эрсдэл болох нь батлагдаагүй. Харин эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний ямар нэг үрэвсэлт өвчнөөр өвчилсөн тохиолдолд азоосперми үүсэх эрсдэл 6.4 дахин (x2=22.87 p<0.01), гахайн хавдраар өвчилсөн бол эрсдэл 2.3 дахин (x2=6.43 p<0.01) нэмэгдэж байв. БЗХӨ, ялангуяа заг хүйтэн өвчнөөр өвчилсөн нь эрсдлийг 1.8 дахин (0.94 vs 3.18, p<0.05) нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон. Дүгнэлт: Монгол эрэгтэйчүүдэд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс илүүтэй, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний ямар нэг үрэвсэлт (p<0.01) ба бэлгийн замын халдварт өвчин (p<0.05) болон гахайн хавдраар өвчилсөн (p<0.01) байх нь азооспермийн шалтгаант үргүйдэл үүсэх эрсдэл болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Мөнхзол
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
