Ходоод бүтэн тайрах мэс заслын дараах витамин В12 дутлын шалтгаант цус багадалтын эмнэлзүйн тохиолдол
Түлхүүр үг:
Хорон цус багадалт, Мегалобласт, Фуникул миелоз, Ходоод бүтэн тайруулахХураангуй
Удиртгал: Мегалобластын цус багадалт нь ДНХ-ын нийлэгжилт алдагдах, эсийн хуваагдал саатсанаас үүдэлтэй гиперхромын макроцитын цус багадалт бөгөөд кобальамин (витамин В12) болон фолийн хүчлийн (витамин В9)-ийн дутагдлын шалтгаантай тохиолддог. Витамин В12 нь хүний биед амьтны гаралтай бүтээгдэхүүн мах, загас, өндөг, сүү зэрэгт агуулагддаг бөгөөд ходоодны шүүсний нөлөөгөөр уургаас салж дотоод фактортай нэгдэн нарийн гэдэсний дунд, доод хэсэгт шимэгддэг. Иймээс витамин B12 дутагдал нь ходоод, гэдэс тайрах мэс заслын дараа үүсэж болно. Витамин B12 дутагдлын хамгийн түгээмэл бас нэгэн шалтгаан нь аутоиммун гаралтай ходоодны салстын хатингарт өөрчлөлтөөс үүдэлтэй дотоод хүчин зүйлийн ялгаралт буурснаар үүсдэг хорон цус багадалт юм. Витамин B12-ийн дутагдал 60-аас дээш насныханд ихэвчлэн ажиглагддаг бөгөөд клиникийн илрэл хүндийн зэрэгтэй уялдаж, хөнгөнөөс дунд зэргийн дутагдалтай өвчтөнд ихэвчлэн ядарч сульдах, цус багадалтын ерөнхий шинжүүд, хэлний үрэвсэл (глоссит), мэдрэлийн өөрчлөлт илэрдэг бол хүнд дутагдалтай үед гематологийн өөрчлөлт, мэдрэлийн шинжүүд гүнзгий илрэх болон зүрхний булчингийн эмгэг (кардиомиопати) ажиглагддаг байна. Бид энэхүү тохиолдолд 46 настай эрэгтэй, ходоод бүтэн тайруулах мэс заслын дараах В12 витамины дутагдлын шалтгаант нэн хүнд зэргийн цус багадалт, анемийн шалтгаант зүрхний урд, доод ханын хөнгөн гипокинез өөрчлөлттэй эмнэлзүйн тохиолдлыг танилцуулж байна. Дүгнэлт: Витамин B12-ын дутагдлын шалтгаант цус багадалтыг анхан шатны тусламж үйлчилгээнээс эхлэн зөв оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, хяналт хийж чадвал өвчтөний амьдралын чанарт эерэг үр нөлөөтэй бөгөөд эмнэлзүйд олон янзаар илэрч болох учир цус судлал, мэдрэл судлал, сэтгэц судлал, хоол боловсруулах эрхтэн судлал, зүрх судлал, хоол зүйч зэрэг эмнэлгийн олон мэргэжилтнүүдийн хамтарсан баг ажилласан тохиолдолд үүсэж болох шинэ хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
