Хорио-аллантойн бүрхүүлийн судасжилтанд изотретинойны үзүүлэх нөлөөг судалсан дүн
Түлхүүр үг:
Тахианы үр хөврөл, In ovo загвар, Хөврөлийн биеийн гаднах судас, СудасжилтХураангуй
Үндэслэл: Изотретинойн нь ургийн хөгжлийн гажиг үүсгэдэг тератоген бодис болох нь эмнэлзүйн болон туршилтын судалгаагаар батлагдсан хэдий ч ихэс болон түүнтэй төстэй биеийн гаднах судасжилтын хөгжилд үзүүлэх нөлөө хангалттай судлагдаагүй байна. Хорио-аллантойн бүрхүүлийн судасжилт нь хөхтөн амьтны ихсийн судасжилттай бүтэц, үйл ажиллагааны хувьд төстэй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Тахианы үр хөврөлийн in ovo загварыг ашиглан хорио-аллантойн бүрхүүлийн судасжилтанд изотретинойны үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Gallus gallus domesticus үүлдрийн ижил хоногтой үр тогтсон өндгийг ашиглан туршилт-хяналтын харьцуулсан загвараар судалгаа явуулсан. Үр хөврөлийн HH10 шатанд хяналтын бүлэгт шувууны салин, туршилтын бүлэгт изотретинойн (5 мкг/100 мкл) тарьсан. Үр хөврөлийн хөгжлийн 72 болон 120 дахь цагт шар уургийн хүүдий болон хорио-аллантойн бүрхүүлийн судасжилтыг үлэмж болон эдийн түвшинд үнэлж, судасны салаалалтын эрэмбэ, судасны нягтрал, хялгасан судасны тоог харьцуулан Манн–Уитнигийн U тестээр статистик боловсруулалт хийв. Үр дүн: Хяналтын бүлэгт судасжилт эрчимтэй явагдаж, 3-4 дүгээр эрэмбийн судаснууд олноор үүсч, нягт торлог бүтэц үүсгэсэн бол изотретинойноор үйлчилсэн бүлэгт судасны салаалалт саарч, 3–4 дүгээр эрэмбийн судасны тоо эрс буурч, судасны ерөнхий нягтрал 40–60%-иар багассан байв. Эдийн шинжилгээгээр хорио-аллантойн бүрхүүлийн нимгэрэлт, эдийн давхаргын алдагдал, судасны ханын нимгэрэлт илэрч, хялгасан судасны тоо хяналтын бүлгээс статистик ач холбогдолтойгоор бага байлаа (p<0.01). Мөн тахианы хорио-аллантойн бүрхүүлийн судасжилтын хөгжил нь хөхтөн амьтны ихсийн судасжилттай бүтэц, хөгжлийн хувьд төстэй болохыг тогтоов. Дүгнэлт: Изотретинойн нь хорио-аллантойн бүрхүүлийн хөгжлийг саатуулж, судасжилт, ялгаран хөгжлийг эрс бууруулж байгааг in ovo тахианы хөврөлд тодорхойллоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Ганболд, Л.Саямаа, О.Эрдэнэзаяа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
