Хиймэл оюун ухаанд суурилан зайнаас физиологийн зарим үзүүлэлтүүдийг хэмжсэн дүн

Зохиогчид

  • Б.Оюунбаатар АШУҮИС, Био-АС, Биологийн тэнхим Зохиогч
  • Г.Дарамбазар АШУҮИС,Сургалтын Бодлого, Зохицуулалт, Чанарын Баталгаажуулалтын Газар Зохиогч
  • А.Долгорсүрэн АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Ухаалаг гар утас, Артерийн даралт, Аппликейшн

Хураангуй

Үндэслэл: ДЭМБ-ын мэдээллээр дэлхий даяар 1.28 тэрбум хүн артерийн даралт ихсэх өвчнөөр өвчилсөн бөгөөд тэдгээрийн ихэнх нь хөгжиж буй орнуудад амьдарч байна. Монгол Улсад артерийн даралт ихсэх өвчний тархалт өндөр хэвээр байгаа бөгөөд STEPS-2019 судалгаагаар залуу насны бүлэгт ч уг өвчин түгээмэл байгааг тогтоосон. Уламжлалт артерийн даралт хэмжих аргууд нь тусгай нөхцөл шаардах, хэмжилтийн алдаа гарах эрсдэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанд суурилсан гар утасны аппликейшн ашиглан артерийн даралт болон амин үзүүлэлтүүдийг хэмжих боломж нэмэгдэж байгаа ч тэдгээрийн хэмжилтийн нарийвчлалыг ANSI/AAMI/ISO 81060-2:2022 стандартад нийцүүлэн үнэлсэн судалгаа Монгол Улсад хангалтгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хиймэл оюун ухаанд суурилсан FaceHeart аппликейшнийг ашиглан артерийн даралт, зүрхний цохилтын тоо, захын цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлж гарсан үр дүнг уламжлалт багажийн шинжилгээний хариутай харьцуулах. Арга, аргачлал: Бид судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 120 хүнийг хамруулсан бөгөөд багажийн болон хиймэл оюун ухаанд суурилсан аппликейшны хэмжилтийг тус бүр 3 удаа хийж нийт 360 хэмжилтийн утгыг цуглуулан Пирсоны корреляцийн коэффициент, Paired t-Test, Bland-Altman, Intraclass Correlation CoefÏcient тооцооллыг хийсэн. Үр дүн: Багажийн болон хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг гар утасны хэмжилтийн дундаж зөрүү систолын даралт -2.05 мм.муб (p<0.001), диастолын даралт -2.36 мм.муб (p<0.001), зүрхний цохилтын тоо -0.30 мин/удаа (p=0.088), захын цусан дахь хүчилтөрөгч 0.32% (p<0.05) байна. Пирсоны корреляцийн коэффициент систолын даралт r=0.772 (p<0.001), диастолын даралт r=0.892 (p<0.001), зүрхний цохилтын тоо r=0.978 (p<0.001), захын цусан дахь хүчилтөрөгч r=0.391 (p<0.001) байна. Дүгнэлт: Хиймэл оюун ухаанд суурилсан аппликейшны хэмжилт нь артерийн даралт, зүрхний цохилтын тоо, захын цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлох боломжтой боловч эмнэлзүйн практикт ашиглахад хангалттай нарийвчлалтай биш байгаа нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Дарамбазар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл