Үйлчлүүлэгч төвтэй амбулаторийн тусламж үйлчилгээнд эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн харилцааг судалсан нь
Түлхүүр үг:
Үр дүнтэй харилцаа, Үйлчлүүлэгчийг сонирхох, Эмпати, Үйлчлүүлэгчийн оролцооХураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн байгууллагууд “эмнэлэг болон эмнэлгийн мэргэжилтэн төвтэй” үйлчилгээний арга барилаас татгалзан, үйлчлүүлэгчтэй зохицох барилдлагыг үүсгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах үед болон эрүүл мэндтэй нь холбоотой шийдвэр гаргах явцад үйлчлүүлэгчийг оролцуулах улмаар архаг хууч өвчнөө идэвхтэй хянах үйл явцад үйлчлүүлэгчид туслан дэмжих арга барилд шилжиж байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Төрийн өмчит болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн амбулаторийн ”Үйлчлүүлэгч төвтэй” тусламж үйлчилгээг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг эмнэлэгт суурилсан аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан тоон судалгааны аргаар хийж гүйцэтгэв. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсэн 575 үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулсан. Үйлчлүүлэгч төвтэй амбулаторийн тусламж үйлчилгээг үнэлэхдээ “Үйлчлүүлэгч эмнэлгийн мэргэжилтний харилцан үйлчлэл”-ийн сэтгэл зүйн сорил асуумжийг (Patient-Professional Interaction QuestionairePPIQ) ашигласан. Энэ асуумж нь 16 асуулттай бөгөөд асуулт тус бүрийг 4 бүлэгт нэгтгэв. Нийт асуумжийн хувьд Кронбах α=0.929 байв. Үр дүнг SPSS-25.0 программ ашиглан үр дүнгийн статистик боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. p утга 0.05-аас бага байх тохиолдолд ялгааг статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Үр дүн: Үр дүнтэй харилцааны дундаж оноо улсын эмнэлэгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид 3.90 (SD=0.66) хувийн эмнэлэгээр үйлчлүүлэгчид 4.36 (SD =0.61) байв. Үр дүнтэй харилцааны дундаж оноо хувийн эмнэлэгт улсын эмнэлэгээс 0.46 оноогоор их байв (p<0.001). Үйлчлүүлэгчийн хүсэл сонирхлын дундаж оноо улсын эмнэлэгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид 3.36 (SD=0.88) байсан бол хувийн эмнэлэгээр үйлчлүүлэгчид 3.93 (SD=0.80) байв. Үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолын дундаж оноо хувийн эмнэлэгт улсын эмнэлгээс 0.57 оноогоор их байгаа нь статистик ялгаатай байлаа (p<0.001). Эмпати дундаж оноо улсын эмнэлэгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид 3.51(SD=0.79) байсан бол хувийн эмнэлэгээр үйлчлүүлэгчдэд 3.94 (SD=0.76) тус тус байлаа. Эмпати дундаж оноо хувийн эмнэлэгт улсын эмнэлгээс 0.43-р их байв (p<0.001). Үйлчлүүлэгчийн оролцооны дундаж оноо улсын эмнэлгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид 3.56 (SD=0.87) байсан бол хувийн эмнэлгээр үйлчлүүлэгчид 4.11(SD=0.80) гэж үнэлэв. Үйлчлүүлэгчийн оролцооны дундаж оноо хувийн эмнэлэгт улсын эмнэлгээс 0.55 оноогоор их байв (p<0.001). Дүгнэлт: Төрийн өмчит болон хувийн эмнэлэгийн үйлчлүүлэгч төвтэй амбулаторийн тусламж үйлчилгээг харьцуулахад хувийн эмнэлгийн үр дүнтэй харилцаа, үйлчлүүлэгчийг сонирхох, эмпати, үйлчлүүлэгчийн оролцоо зэрэг бүх үзүүлэлтүүд их байгаа нь статистик бүхий ач холбогдолтой байна (P<0.001).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Еркебулан, П.Цэдэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
