Үгийн аудиометрийн шинжилгээнд ашиглах Монгол хоёр үет үгийн жагсаалт боловсруулсан нь
Түлхүүр үг:
Үг таних босго, Психометрийн функц, Логистик регресс, Цэвэр авианы дундажХураангуй
Үндэслэл: Үгийн аудиометрийн шинжилгээ нь чих, сонсголын үнэлгээнд өргөн хэрэглэгддэг стандарт оношилгооны арга бөгөөд тухайн хүн амын эх хэл дээр боловсруулсан, авиазүйн онцлогийг тусгасан үгийн материал шаардагддаг. Хэл бүрийн авиазүйн бүтэц, үгийн дуудлага, танил байдал нь үгийн ойлголтод шууд нөлөөлдөг тул тухайн хэл дээр тусгайлан боловсруулж, психометрийн үзүүлэлтээр баталгаажсан, авиа зүйн хувьд тэнцвэртэй, жигд тархалттай үгсийг ашиглах нь шинжилгээний үнэн зөв, найдвартай байдлыг хангах үндсэн нөхцөл болдог. Иймд Монгол хэлний авиа зүйн болон психометрийн үзүүлэлтийн хувьд тэнцвэртэй хоёр үет үгийн жагсаалт боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Үгийн аудиометрийн шинжилгээнд ашиглах психометрийн хувьд тэнцвэртэй хоёр үет үгийн жагсаалтыг боловсруулж, үг таних босго тодорхойлоход тохиромжтой эсэхийг үнэлэх. Арга, аргачлал: Монгол хэлний нийтлэг хэрэглээтэй, авиа зүйн хувьд тэнцвэртэй 55 хоёр үет үгийг сонгон авч, мэргэжлийн эмэгтэй дуу оруулагчаар үгсийн дууны бичлэг хийв. Үгсийн бичлэгийг 18–29 насны хэвийн сонсголтой 50 оролцогчид –4 дБ-ээс 14 дБ-ийн дууны түвшинд, 2 дБ-ийн алхамтайгаар нийт 10 өөр түвшинд шалгав. Оролцогчдын хариунд үндэслэн логистик регрессийн аргаар үг бүрийн 50%-ийн ҮТБ болон 20–80%-ийн психометрийн муруйн налууг тооцоолов. Жагсаалтуудын тэнцвэрт байдлыг шалгахдаа хи-квадрат болон нэг хүчин зүйлт ANOVA зэрэг статистик үнэлгээ хийв. Эдгээр үр дүнд үндэслэн психометрийн хувьд тэнцвэртэй 25 үгтэй хоёр жагсаалтыг бүрдүүлж, дууны түвшний жигд байдлыг хангахын тулд дижитал тохируулга хийв.Үр дүн: Хоёр хагас жагсаалтын психометрийн муруйн налуу 11.2–11.6 %/дБ-ийн хооронд байв. Хиквадрат болон нэг хүчин зүйлийн ANOVA шинжилгээгээр логистик регрессийн аргаар тодорхойлсон 50%-ийн Үг таних босго (ҮТБ) болон психометрийн муруйн налуугийн хувьд хоёр жагсаалт хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй χ²(24, N=50)=2.21, p=0.99, (F(1,48)=0.00895, p=0.925. Хэвийн сонсголтой 50 оролцогчийн цэвэр авианы дундаж (ЦАД) босго 2.23 дБ сонсголын түвшин, стандарт хазайлт 4.4 байв. ЦАД босго болон ҮТБ−ын зөрүү бүх оролцогчийн хувьд 10 дБ сонсголын түвшнээс бага байсан нь шинжилгээний зөвшөөрөгдөх хязгаарт багтсан үзүүлэлт байлаа. Дүгнэлт: Боловсруулсан хоёр үет, 25 үг бүхий үгийн жагсаалт нь үгийн аудиометрийн шинжилгээнд үг таних босго тодорхойлоход тохиромжтой, чих-сонсголын практикт ашиглах боломжтой боллоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
