Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалтын судалгаа
Түлхүүр үг:
АУС, Чих хамар хоолойн тэнхим АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, Утас: 99279869Хураангуй
Үндэслэл: Өсвөр насныхны дунд сонсгол бууралт нь нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байгаа бөгөөд хөнгөн хэлбэрийн сонсголын алдагдал ч танин мэдэхүйн хөгжил, сурлагын амжилт, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Монгол Улсад сургуулийн насны хүүхдүүдийн дунд сонсгол бууралтын тархалтыг үнэлсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалт, төрөл, түвшинг тодорхойлох, түүнд нөлөөлөх хүн ам зүйн хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Сургуульд суурилсан агшингийн судалгааг 2024–2025 онд Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 сургуулийн 1803 сурагчийг хамруулан гүйцэтгэсэн. Сонсголын эрт илрүүлгийг стандарт протоколын дагуу цэвэр авианы шинжилгээгээр хийж, анхан шатны илрүүлэгт тэнцээгүй сурагчдыг баталгаажуулах аудиометрийн шинжилгээнд хамруулсан. Сонсгол бууралтыг хөнгөн (21–35 dB), дунд (36–50 dB), хүнд (≥50 dB) гэж ангилсан. Хүн ам зүйн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчаас асуумжаар цуглуулж, өгөгдлийг R программ ашиглан боловсруулсан. Статистикийн шинжилгээнд χ² тест хэрэглэж, p<0.05-ыг ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан сурагчдын 7.4 хувь нь дахин шалгах шаардлагатай гэж үнэлэгдсэн бөгөөд 2.3 хувьд сонсгол бууралт батлагдсан. Эцэг, эхийн боловсролын түвшин сонсгол бууралтад статистикийн ач холбогдолтой нөлөөтэй байсан. Дүгнэлт: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалт 2.3 хувь ба хүйсийн хувьд ялгаа ажиглагдсангүй. Сонсгол бууралтын дийлэнх нь хөнгөн хэлбэрийн, нэг чихийг хамарсан байгаа нь сургуулийн орчинд сонсголын эрт илрүүлгийн тогтолцоог тогтмол хэрэгжүүлэх, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатайг илтгэж байна. Эцэг эхийн боловсролын түвшин сонсгол бууралтын тархалттай статистик хамааралтай бөгөөд цаашид чихэвчний хэрэглээ гэх мэт эрсдэлт хүчин зүйлтэй холбон судлах шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Энх-Оюун, О.Чимэдсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
