Таргалалтын үеийн зүүний сүвд утас суулгах эмчилгээний зарим үр дүн
Түлхүүр үг:
Зүүний сүвд утас суулгах эмчилгээ, БЖИ таргалалтХураангуй
Үндэслэл: Бодисын солилцооны хямралын арьсан доорх өөхлөг эд болон бусад эдэд илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдаж биеийн жин нэмэгдэхийг таргалалт гэнэ. 2006 оны байдлаар, Монгол улсын 15-64 насны хүн амын 31.6 % нь илүүдэл жинтэй ба таргалалттай, үүнээс 21.8 % нь жингийн илүүдэлтэй, 9.8 % нь таргалалттай байсан бол 2019 онд 49.4 % нь илүүдэл жин ба таргалалттай, үүнээс 30.9 % нь илүүдэл жинтэй, 18.5 % нь таргалалттай байгаа нь таргалалт хэмээх цар тахалд монголчууд өртсөн болохыг илтгэж байна. Иймээс бид таргалалтын үед зүүний сүвд утас булах эмчилгээний үр дүнг эмнэлзүйн туршилт судалгааны аргаар нотолгоожуулах шаардлагатай байгаа нь үндэслэл боллоо. Зорилго: Таргалалтын үеийн зүүний сүвд утас суулгах эмчилгээний үр дүнг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг эмнэлзүйн туршилт судалгааны загвараар, дескриптив судалгааны аргаар АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан хад (Чифэн) хотын Хятад Монголын II Эмнэлгийг түшиглэн 2025 оны 07 дугаар сараас 2026 он 01 дүгээр сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Судалгаанд насанд хүрсэн, эмэгтэй бол сарын тэмдэг нь тогтмол ирж байгаа, таргалалтын онош батлагдсан (БЖИ 25кг/м2 ба түүнээс их эсвэл бүсэлхийн тойрог эрэгтэйд 94 см, эмэгтэйд 80 см-ээс их эсвэл бүсэлхий ташааны тойргийн харьцаа эрэгтэйд 0.95, эмэгтэйд 0.85-аас их), сайн дураар судалгаанд орох хүсэлтэй 76 эмчлүүлэгчийг сонгон авсан. Судалгаанд оролцогчдод Zhongwan CV12, Xiawan CV10, Guanyuan CV4, Qihai CV6, Daimai GB26, Daheng SP15, Tianshu ST25, Huaroumen ST24 зэрэг зүүний сүвүүдэд утас суулгах зүү эмчилгээг 14 хоногт 1 удаа, нийт 2 удаагийн эмчилгээ хийсэн. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ биеийн жин, БЖИ, өөхний эзлэх хувь, бүсэлхийн ба ташаан тойргийн хэмжээ, бодисын солилцооны зарим үзүүлэлтүүд (GLU, HDL, LDL, CHOL,TG) болон сэтгэл гутралын зэргийг (Beck Depression Inventory) эмчилгээний өмнө болон дараа (30 дахь хоног) харьцуулан тооцсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдод зүүний сүвд утас суулгах эмчилгээ хийлгэсний дараа биеийн жин, БЖИ, өөхний эзлэх хувь, бүсэлхий тойрог, ташаан тойргийн хэмжээ статистикийн хувьд ач холбогдол бүхий буурсан байлаа (p=0.0001). Бодисын солилцооны зарим үзүүлэлтийг эмчилгээний өмнө ба дараа харьцуулахад, ИНЛП-ны хэмжээ 1.62±14.77 ммоль/л ба 1.80±0.64 ммоль/л, БНЛП-ны хэмжээ 2.21±0.55 ммоль/л ба 2.57±0.84 ммоль/л болж ихэссэн нь статистикийн хувьд ялгаатай байлаа (p=0.0001). Нийт холестериний хэмжээ 4.36±0.88 ммоль/л ба 4.43±0.8 ммоль/л болж бага зэрэг ихэссэн нь статистикийн хувьд ач холбогдолтой бүхий ялгаагүй байв (p=0.24). Триглицеридийн хэмжээ 1.45±0.68 ммоль/л ба 1.30±0.62 ммоль/л буурсан нь статистикийн хувьд ач холбогдолтой бүхий сайжралтай байлаа (p=0.005). Өлөн үеийн глюкозын хэмжээ 4.17±66 ммоль/л ба 4.66±0.62 ммоль/л ихэссэн байлаа (p=0.0001). Судалгаанд оролцогчдын сэтгэл гутралыг үнэлэхэд 17 (22.4%) нь сэтгэл гутралгүй, 19 (25.0%) нь хөнгөн зэргийн, 12 (15.8%) нь дунд зэргийн, 28 (36.8%) нь хүнд зэргийн сэтгэл гутралтай байв. Судалгааны дараа 36 (47.4%) нь сэтгэл гутралгүй, 20 (26.3%) нь хөнгөн зэргийн, 8 (10.5%) нь дунд зэргийн, 12 (15.8%) нь хүнд зэргийн сэтгэл гутралтай байв. Дүгнэлт: 1. Таргалалтын үеийн зүүний сүвд утас суулгах эмчилгээ нь биеийн жин, БЖИ, өөхний эзлэх хувь, бүсэлхийн тойрог, ташаан тойргийн хэмжээг тус тус бууруулж байна. 2. Зүүний сүвд утас суулгах эмчилгээ нь ИНЛП, БНЛП, өлөн үеийн глюкозын хэмжээг нэмэгдүүлж, триглицеридийн хэмжээг бууруулж байна. 3. Зүүний сүвд утас суулгах эмчилгээ нь сэтгэл гутралын зэргийг бууруулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
