Монгол Улсын үндэсний шигшээ багийн халз тулааны тамирчдын лактатдегидрогеназа энзимийн идэвхийг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Үндэсний шигшээ баг, Тамирчид, Спортын төрөл, ЛактатдегидрогеназаХураангуй
Үндэслэл: Өндөр зэрэглэлийн тамирчид нь үндэсний болон олон улсын хэмжээний спортын тэмцээнүүдэд оролцохын зэрэгцээ өндөр ачаалалтай, эрчимжсэн бэлтгэл сургуулилтыг тогтмол хийдэг. Иймээс цусан дахь биохимийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тодорхойлох нь тамирчдын бие махбодын ачаалалд дасан зохицох чадварыг үнэлэхэд чухал ач холбогдолтой. Тамирчдын цусны сийвэн дэх лактатдегидрогеназа ферментийн идэвхийг тодорхойлох нь тамирчдын хувийн гүйцэтгэлийг оновчтой болгох, спортын гүйцэтгэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, улмаар бэлтгэл сургуулилтын төлөвлөлт, үр нөлөөг сайжруулахад чухал ач холбогдолтой. Гэсэн хэдий ч энэ чиглэлээр Монгол Улсад хийгдсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Монгол Улсын Үндэсний Шигшээ багийн тамирчдын цусны сийвэнгийн лактатдегидрогеназа энзимийн идэвхийг судлах. Арга, аргачлал: Монголын Үндэсний Шигшээ багийн 6 спортын төрлийн 26 эрэгтэй, 25 эмэгтэй нийт 51 тамирчдыг хамруулан анаэроб исэлдэлтийг үнэлэхдээ ачаалал өгөхөд зориулагдсан эргометрийн дугуй (Monark 894E Ergomedic Peak Bike), цусны сийвэнгийн лактатдегидрогеназа энзимийн идэвхийг биохимийн бүрэн автомат анализатор (Biobase BK280), зүрхний цохилт, хүчилтөрөгчийн хэмжээг пульсоксиметр ашиглан тодорхойлов.Үр дүн: Судалгаанд оролцсон тамирчдын дундаж нас 24.04±4.15 жил, дундаж өндөр 168.0±8.78 см, дундаж жин 71.01±7.69 кг, БЖИ-ийн дундаж 24.82±4.12 кг/м2, дасгалын өмнө лактатдегидрогеназа энзимийн дундаж идэвх 177.1±28.96 ОУН/л, дасгалын дараа 223.5±51.56 ОУН/л, дасгалын өмнөх зүрхний цохилтын дундаж тоо 66.04±8.9, дасгалын дараах зүрхний цохилтын тоо 123.6±16.06, Vo2 95.18±2.48 байв. Дүгнэлт: Судалгаанд оролцсон тамирчдын дасгалын өмнө ба дараах лактатдегидрогеназа энзимийн идэвх 20-29 насны бүлэгт ялгаатай байв (p<0.01). Дасгалын өмнө ба дараах лактатдегидрогеназа энзимийн идэвхийг спортын төрлөөр харьцуулан судлахад чөлөөт бөх, жүдо бөхийн тамирчдад статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p<0.01).
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
