Азийн төлөгч өвс (Achillea asiatica Serg.) ургамлын гистохими ба чанарын шинжилгээний зарим үзүүлэлтүүдийн судалгаа
Түлхүүр үг:
Полифенолын агууламж, Таннин, Флавоноид, ХандХураангуй
Үндэслэл: Achillea төрлийн ургамлууд нь уламжлалт болон орчин үеийн анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг, биологийн идэвхт хоёрдогч метаболитоор баялаг гэдгээрээ онцлог. Эгэл төлөгч өвс (Achillea millefolium L.) дээр хийсэн фитохими, гистохимийн судалгаанууд элбэг боловч Монгол оронд тархсан Азийн төлөгч өвс (Achillea asiatica Serg.) нь харьцангуй бага судлагдсан хэвээр байна. Иймээс уг ургамлын биологийн идэвхт нэгдлийн тархалт, полифенолт нэгдлийн агууламж, хандлалтын оновчтой нөхцөлийг тодорхойлох нь шинжлэх ухаан болон практик ач холбогдолтой юм. Зорилго: Азийн төлөгч өвс (Achillea asiatica Serg.) ургамлын гистохимийн аргаар биологийн идэвхт бодисыг таних, полифенолт нэгдлийн агууламж болон хандлалтын оновчтой нөхцөлийг тогтоох, мөн түүхий эдийн бүрэн ба дотоод шингээх коэффициентыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд 2025 оны 8-р сард Төв аймгийн Эрдэнэ сумаас түүсэн ургамлын газрын дээд хэсгийг ашиглав. Гистохимийн шинжилгээг калийн бихромат, төмрийн (III) хлорид, метилен хөх, люголь, драгондроффын урвалж ашиглан ишний хөндлөн зүслэг болон цэцгийн дэлбээнд хийж, гэрлийн микроскопоор ажиглав. Полифенолт нэгдлийн агууламжийг Фолин–Чиколтьтийн аргаар тодорхойлж, галлийн хүчилд шилжүүлэн тооцоолов. Хандлалтын судалгаанд 1, 2, 3 мм ширхэгтэй нунтагласан түүхий эдийг 20–80%-ийн этилийн спиртээр хандлав. Мөн ургамлын түүхий эдийн бүрэн болон дотоод шингээх коэффициентыг стандарт аргачлалаар тодорхойлов. Үр дүн: Гистохимийн шинжилгээгээр эфирийн тос, полифенолт нэгдлүүд (таннин, флавоноид), цардуул илэрч, алкалоид илрээгүй. Полифенолт нэгдлүүд нь иш болон цэцгийн аль алинд илэрсэн боловч дамжуулах эдүүдэд илүү тод хуримтлагдсан байв. Полифенолын нийт агууламж 1 мм шигшүүрийн фракц, 70–80%-ийн этилийн спиртээр хандалсан дээжинд хамгийн өндөр (0.421%) байлаа. 60%-ийн этилийн спиртэд түүхий эдийн бүрэн шингээх коэффициент 5.74, дотоод шингээх коэффициент 1.885 гэж тодорхойлогдов. Дүгнэлт: Азийн төлөгч өвс (Achillea asiatica Serg.) нь полифенолт нэгдлээр баялаг бөгөөд тэдгээрийн анатомийн тархалт нь ургамлын хамгаалах болон биологийн идэвхтэй шууд холбоотой байна. Полифенолт нэгдлийг ялган авахад 1 мм ширхэгтэй түүхий эд, 70–80%-ийн этилийн спирт хамгийн тохиромжтой нөхцөл болохыг тогтоов. Энэхүү судалгаа нь Азийн төлөгч өвсийг эмийн болон фитопрепаратын түүхий эд болгон стандартчлах, цаашдын судалгаанд ашиглах суурь мэдээлэл болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
