“Какамон” бэлдмэлийн шархны эдгэрэлтэнд үзүүлэх фармакологийн үйлдлийн судалгаа
Түлхүүр үг:
Азийн төлөгч өвс, Илдэн игүүшин, Морин зээргэнэ, КакамонХураангуй
Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг эмийн ургамлуудын биологийн идэвх, түүнийг нөхцөлдүүлэгч бодисуудыг шинжлэн судлах, улмаар эх орны эмийн сан хөмрөгийг байгалийн гаралтай бэлдмэлээр баяжуулах нь судлаачдын өмнө тавигдаж буй чухал зорилтын нэг юм. Манай улсад сүүлийн жилүүдэд хүн амын дунд амны салстын дахилтат афтозот үрэвслийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд амны хөндийн үрэвсэлт өвчнүүдийн үед эмчилгээнд хэрэглэх хэсэг газрын үйлдэлтэй эмийн бэлдмэл харьцангуй хомс байна. Иймээс бид уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг Илдэн игүүшин (Cacalia hastate L.), Азийн төлөгч өвс (Achillea asiatica Serg.), Морин зээргэнэ (Ephedra equisetina Bunge) зэрэг эмийн ургамлуудыг 1:1:0.5 харьцаагаар авч, 1:10 харьцаатай идээшмэл бэлтгэсэн. Хандмал бэлтгэхдээ түүхий эд болон 50°-ийн спиртийг 1:10 харьцаатай авч усан халаагуурт 70°С-ийн температурт эргэх хөргүүрээр 6 цаг хандлав. Нийлмэл найрлагатай бэлдмэлийг “Какамон” гэж нэрлэн, шархны эдгэрэлтэнд нөлөөлөх үйлдлийг тогтоох судалгааг хийлээ. Материал арга зүй: Бид 36 толгой эр BALB/c үүлдрийн цагаан хулгана ашиглан тус судалгааг хийсэн ба амьтдыг 4 бүлэгт хувааж 1-р бүлэгт “Какамон” хандмал 400 мг/кг тунгаар, 2-р бүлэгт “Какамон” идээшмэл 400 мг/кг тунгаар, 3-р бүлэгт мөнгөжүүлсэн сульфадиазин, 4-р бүлэгт Вазелин тосон түрхэц хэрэглэн эмчилсэн. “Какамон” бэлдмэлийн шархны эдгэрэлтэнд нөлөөлөх үйлдлийг “Туршилтын цагаан хулганы нурууны арьсанд шархны эмгэг загвар”10 үүсгэж 4, 7 ба 10 дахь хоногт шархны ирмэгээс дээж авч, гистологийн шинжилгээ хийж, үр дүнгийн боловсруулалтыг SPSS-21 программын ANOVA, Tukey test ашиглан хийлээ. Үр дүн: Туршилтын 4 ба 7 дахь өдөр шархны ирмэгээс авсан эдэд шинжилгээ хийхэд мөнгөжүүлсэн сульфадиазин ба “Какамон” хандмал болон идээшмэлээр эмчилсэн бүлгийн үрэвслийн эсийн тоо сөрөг хяналтын бүлгээс бага, фибробласт эсийн идэвх, мөхлөгөнцөрт эдийн үүсэлт, холбогч эдийн ургалтыг харьцуулахад ач холбогдол ялгаа бүхий илүү байсан. Туршилтын 10 дахь өдөр “Какамон” бэлдмэлийн идээшмэл ба хандмалаар эмчилсэн бүлгийн амьтдын шархны фибробласт эсийн идэвхи, мөхлөгөнцөрт эдийн үүсэлт, холбогч эдийн ургалт, эпидермисийн суурийн давхарга, сорви үүсэлт, шархны гадаргуу дах арьсны өнгөц давхаргын үүсэлт зэрэг нь сөрөг хяналтын бүлгээс ач холбогдол бүхий илүү байв. Мөн мөнгөжүүлсэн сульфадиазин, “Какамон” хандмал ба идээшмэлээр эмчилсэн бүлгийн бүлгүүдийн үрэвслийн эсийн тоо нь сөрөг хяналтын бүлгээс ач холбогдол бүхий бага байсан. Дүгнэлт: “Какамон” бэлдмэлийн идээшмэл болон хандмал нь шархны эдгэрэлтэнд түргэсгэх, нөхөн төлжилтийг сайжруулах үйлдэлтэй болох нь тогтоогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Ерөөлт
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
