Эпилепситэй андуурагдан, олон эмээр сэдээгдсэн QT уртсах хам шинжийн ховор тохиолдол
Түлхүүр үг:
Тоорсэд дэ поэт, Уналт таталт, Зүрх гэнэт зогсох, Леветирацетам, ФлюоксетинХураангуй
Удиртгал: QT уртсах хам шинж нь зүрхний агшилтын дараах реполяризацийн үе удааширснаас QT интервал уртасч улмаар зүрхний хэм алдалтаар илэрдэг хам шинж юм. Уг хэм алдалт нь цаашид аминд халтай Тоорсэд де поэт гэх ховдлын тахикардийн нэг хэлбэр руу шилжих нь бий. QT уртсах хам шинж нь голлон удамшлын байх хэдий ч эмийн, эрдсийн алдагдал, дотоод шүүрлийн эмгэгүүд болон бусад олдмол шалтгаантай байж болдог. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: УГТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт 21 настай эпилепси өвчний оноштой нэгэн эмэгтэй үргэлжилсэн таталтын улмаас ухаангүй байдалтай ирэн, эмчилгээний явцад аминд халтай зүрхний хэм алдагдал болох Тоорсэд де поэт илрэн зүрхний кардиовертерт дефибриллятор суулгац эмчилгээ хийлгэсэн. Уг эмэгтэйд 10 наснаас эхлэн таталт илэрсэн ба 2-3 жилдээ 1-2 удаа таталт өгдөг байсан. 18 наснаас таталтын тоо нэмэгдэх болж мэдрэлийн эмчид үзүүлэн эпилепси өвчин гэж оношлогдон карбамазепин тогтмол уух болсон. Таталтын үед зүрхээр дэлсэх, амьсгал давчдах, толгой эргэх, хоолой боож байгаа мэт болох, нүд харанхуйлах шинжүүд өмнө нь илэрч байгаад бүх булчин чангарах, бүх бие чичрэх шинж гарч улмаар ухамсарт ухаантай үлдэх эсвэл ухаан алддаг байсан. 2024 оны 04 сараас оюуны ачаалал, ядаргааны улмаас таталтын тоо улам нэмэгдсэн тул үзүүлэн флуоксетин болон леветирацетамыг аажим тун нэмэх байдлаар уух болсон. Гэсэн хэдий ч таталт нэмэгдсээр 2024 оны 06 дугаар сарын 27-нд гэртээ угсарсан таталт өгөн, ухаангүй болж түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Эмчилгээний явцад хүнд зэргийн QT уртсах хам шинж илэрч цаашдаа аминд халтай зүрхний хэм алдагдал болох Тоорсэд де поэт илэрч зүрхний 2 хөндийд байнгын кардиовертерт дефриллятор суулгацыг тавьсан. Аажимдаа өвчтөний бие сайжирч эмнэлгээс гарсан бөгөөд гарснаас хойш таталт өгөөгүй юм. Дүгнэлт: Энэ тохиолдолд удамшлын шалтгаан батлагдаагүй ч QT уртсах РоманоВард хам шинж буюу QT интервал уртассан урьдчилсан нөхцөл дээр урт хугацаагаар хэдий бага тунгаар ч гэсэн карбамазепин, флуоксетин, диазепамыг, өндөр тунгаар леветирацетам гэсэн олон эмээр сэдээгдсэн Тоорсэд де поэт, цаашлаад зүрх зогссон тохиолдол гэж бид үзсэн.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
