Пурины хэвийн солилцоо, түүний алдагдлын үед үүсэх тулай өвчний эмгэг жам
Түлхүүр үг:
Шээсний хүчлийн натрийн давс, Нуклеотид, Шээсний хүчил, NLRP3-инфламмасом, Нейтрофил эсийн гаднах урхиХураангуй
Удиртгал: Тулай өвчин нь насанд хүрэгчдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог үений үрэвсэлт эмгэг бөгөөд гиперурикеми болон шээсний хүчлийн натрийн давсны (MSU) талстууд үений завсар болон эдэд удаан хугацаанд хуримтлагдсантай холбоотой үүсдэг. Гиперурикеми нь шээсний хүчлийн нийлэгжилт ихсэх эсвэл бөөр, гэдэсний замаар түүний ялгаралт буурах явцын үр дүнд үүсэх ба ихэнх хүмүүст уратын ялгаралтын алдагдал нь үндсэн шалтгаан болдог. Уратын тээвэрлэгч уурагнуудад тохиолдох генетик өөрчлөлт нь цусан дахь уратын түвшингийн ялгаанд ихээхэн нөлөөлдөг хэдий ч гиперурикемитэй бүх хүмүүст MSU талст хуримтлагдах эсвэл тулай өвчнөөр өвдөхгүй байж болно. Зорилго: Пурины хэвийн солилцоо, түүний алдагдлын үед үүсэх тулай өвчний эмгэг жамыг судлан дүн шинжилгээ хийх. Арга, аргачлал: Бид Thomson Reuters, PubMed-central database, Cochrane Library, Medline, Web of Science, google scholar зэрэг олон улсын цахим эх сурвалжид нийтлэгдсэн пурины хэвийн солилцоо, түүний алдагдлын үед үүсэх тулай өвчний эмгэг жамын талаар судалсан бүтээлүүдийн тоймтой эх зохиол судлалын аргаар танилцаж дүгнэлт хийв. Бид нийт 670 гаруй бүтээлийг олж тогтоосон бөгөөд эдгээрээс пурины хэвийн солилцоо, түүний алдагдлын үед үүсэх тулай өвчний эмгэг жамын чиглэлээр хийгдсэн судалгааны голлох хамаарал бүхий нийт 31 эх бүтээлийг хамруулсан болно. Үр дүн: MSU талстуудын эсрэг үүсдэг үрэвслийн урвал нь голчлон NLRP3-инфламмасомын идэвхжилээр өдөөгдөж, энэ нь IL-1β (pro-IL-1β) ба IL-18 (pro-IL-18)-г идэвхтэй IL-1β ба IL-18 болгон хувиргаж, үрэвслийг бий болгодог. IL-1β ба IL-18 нь цаашлаад цитокин, хемокиний илрэлийг нэмэгдүүлж, нейтрофил болон бусад дархлааны эсүүдийг үрэвслийн голомт руу дайчилдаг. Нейтрофилүүд үрэвслийг эрчимжүүлэхээс гадна нейтрофил эсийн гаднах урхи (NETosis) үүсгэх замаар үрэвслийг намжаахад хувь нэмэр оруулах буюу үрэвслийн медиаторуудыг барьж задлах үүрэг гүйцэтгэдэг. Хүнд хэлбэрийн тулай өвчин нь зангилаа үүсэх, архаг үрэвсэл, үений бүтцийн гэмтэл зэргээр тодорхойлогдох бөгөөд зангилаа нь MSU талстуудын бөөгнөрөл, тэдгээрийг хүрээлсэн үрэвслийн эсүүд болон холбогч эдээс бүрдэх ба архаг үрэвсэл, эдийн гэмтэлтэй нягт холбоотой байдаг. Дүгнэлт: Аливаа өвчний эмгэг жамын шалтгаан-үр дагаврын логик дис дараалалтай зөв ойлголт нь оношлогоо, эмчилгээний нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад тусална.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
