Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн антибиотикийн зохистой хэрэглээг үнэлсэн дүн
Түлхүүр үг:
Эмийн зохистой хэрэглээ, Антибиотикийн удирдамж, Эмнэлзүйн эм зүйн тусламж, Эмийн аюулгүй байдал, Жирэмсний триместрХураангуй
Үндэслэл: Жирэмсэн үед эмэгтэйчүүдийн дархлаа тогтолцоо, бодисын солилцоо, эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд олон төрлийн физиологийн өөрчлөлт гардаг бөгөөд халдвар авах эрсдэл нэмэгддэг тул антибиотик хэрэглэх шаардлага үүсдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн антибиотикийн хэрэглээний зохистой байдлыг үнэлэх нь эмнэлгийн түвшинд антибиотикийн хэрэглээний удирдамжийг боловсронгуй болгох, эмнэлзүйн эм зүйн тусламжийг сайжруулах, улмаар бичил биетний тэсвэржилтийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Жирэмсэн эмэгтэйчүүдийн антибиотикийн зохистой хэрэглээг тогтмол судалж, эмийн эмчилгээний үр дүн, аюулгүй байдлыг хангах шаардлагатай байдаг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг (ЭБЭЭ)-ийн Эрсдэлтэй жирэмслэлт судлалын тасаг (ЭЖСТ) болон Дутуу төрөлт судлалын тасаг (ДТСТ)-т хэвтэн эмчлүүлэгчдийн антибиотикийн зохистой хэрэглээг үнэлэх. Арга, аргачлал: ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн ЭЖСТ болон ДТСТ-т хэвтэн эмчлүүлэгчдийн антибиотикийн зохистой хэрэглээг тусгайлан боловсруулсан судалгааны карт ашиглан ретроспектив судалгааны аргаар үнэлэв. Судалгааны өгөгдөлд SPSS-29.0 статистикийн программыг ашиглан тойм статистик боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд нийт 348 жирэмсэн эмчлүүлэгч хамрагдсан бөгөөд дундаж нас 31.6±6.9 жил байв. Эмчлүүлэгчдийн дундаж ор хоног ЭЖСТ-т 5.9±2.0, ДТСТ-т 12.5±5.0 хоног байсан нь статистикийн хувьд ялгаатай (p < 0.001) байв. Антибиотик хэрэглэсэн тохиолдлын 39.1%-д эмчилгээний заалтаар, 33.0%-д урьдчилан сэргийлэх зорилгоор, 21.3%-д тодорхой заалтгүйгээр антибиотикийг хэрэглэсэн байв. Хамгийн түгээмэл хэрэглэгдсэн антибиотикийн сонголт нь β-лактам + метронидазол (29%) хослол байв. Цефазолин, цефотаксимын тун дийлэнх тохиолдолд тохиромжтой байсан бол азитромицины тун дийлэнх тохиолдолд ихэдсэн байв. Жирэмсний үеийн FDA ангиллаар авч үзвэл нийт хэрэглэсэн 762 антибиотикийн 87.0% нь B ангилал, 8.8% нь C ангилал, 4.2% нь D ангилалд багтаж, жирэмсний триместр хооронд статистикийн ялгаагүй (p=0.695) байв. Дүгнэлт: ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн антибиотикийн хэрэглээний зохистой байдлыг үнэлэхэд нийт хэрэглээний 39.1% нь эмчилгээний заалтаар, 33.0% нь урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик хэрэглэсэн бол 21.3% нь заалт тодорхойгүй хэрэглээ байв. Хамгийн түгээмэл хэрэглэгдсэн антибиотик нь β-лактамын бүлгийн антибиотик байсан бөгөөд ихэвчлэн метронидазолтой хавсарч хэрэглэсэн байна. FDA-ийн ангиллаар хэрэглэсэн антибиотикийн 87% нь B, 8.8% нь C, 4.2% нь D ангиллын антибиотик байв. Энэхүү үр дүн нь антибиотикийн хэрэглээ зохисгүй бөгөөд мэдрэг чанарын шинжилгээний хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна. Иймд антибиотикийн хэрэглээний удирдамжийг чанд мөрдөх, эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Сосорбарам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
