Элэг тайруулах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн элэгний хорт хавдрын эмгэг судлалын зарим үр дүнгээс
Түлхүүр үг:
Элэгний хорт хавдар, Архины шалтгаант, Бодисын солилцоо, Өөхжилт, Амьдрах чадвар, Эмгэг судлал, Kaplan–MeierХураангуй
Үндэслэл: Элэгний анхдагч хорт хавдар (ЭАХХ) нь дэлхий дахинд болон Монгол Улсад өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна. Архины шалтгаант элэгний өвчин (АШЭӨ) болон бодисын солилцооны эмгэгтэй өөхжилттэй гепатит (БСЭӨГ) нь элэгний анхдагч хорт хавдрын голлох хоёр шалтгаан болж, тэдгээрийн биологийн шинж чанар, эмгэг судлалын онцлог, амьд үлдэх чадвар харилцан адилгүй байж болдог. Зорилго: Элэг тайруулах мэс засал хийлгэсэн архины шалтгаант элэгний анхдагч хорт хавдар болон бодисын солилцооны эмгэгтэй, өөхжилттэй элэгний анхдагч хорт хавдартай өвчтөнүүдийн эмнэлзүй, эмгэг судлалын болон амьдрах чадварыг харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Хавдар судлалын үндэсний төвд 2010–2024 оны хооронд элэг тайруулах мэс засал хийлгэсэн 980 өвчтөний ретроспектив мэдээллийг шинжилсэн. Үүнээс 191 нь архины шалтгаантай, 789 нь бодисын солилцооны эмгэгтэй, өөхжилттэй гепатитын шалтгаант элэгний анхдагч хорт хавдартай байсан. Эмнэлзүйн үзүүлэлтүүд, лабораторийн шинжилгээ, хавдрын хэмжээ, ялгарал, лобусын болон судасны ургалт (LVI), хавдрын TNM үе шат, нийт амьдрах чадвар (OS), дахилт (recurrence)-ын түвшинг харьцуулсан. Kaplan–Meier-ийн муруйг ашиглан мэс заслын дараах нийт амьдрах чавдарыг үнэлсэн. Үр дүн: Архины шалтгаант элэгний анхдагч хорт хавдартай өвчтөнүүд харьцангуй залуу насныхан (p=0.0014) байсан бөгөөд хүйсийн хувьд эрэгтэйчүүд давамгайлсан (96.8%). Харин бодисын солилцооны эмгэгтэй өөхжилттэй гепатиттай өвчтөнүүдэд эмгэг судлалын үзүүлэлтүүд тод илэрсэн. Үүнд: Элэгний хавдрын хэмжээ >5 см-с их (p=0.0045), G3–4 ялгарал (p=0.0248) түгээмэл, ихэнх нь хавдрын T4 үе шатанд (p=0.0009), том хэмжээний судасны ургалт ихтэй (p<0.0001) байв. Элэг тайруулах мэс засал хийлгэсэн бодисын солилцооны эмгэгтэй өөхжилттэй гепатиттай өвчтөнүүдийн нийт амьдрах чадвар 92.6 сар байсан нь архины шалтгаант бүлгийнхээс 82 сараар илүү байв (p=0.0206). Дүгнэлт: Бодисын солилцооны эмгэгтэй өөхжилттэй гепатиттай өвчтөнүүдэд эмгэг судлалын шинж тэмдэг давамгай илэрч, нийт амьдрах чадвар урт байгаа нь элэгний хавдар үүсэх биологийн болон эмнэлзүйн ялгаатай механизмтай холбоотой байна. Иймд элэгний анхдагч хорт хавдрын оношилгоо, эмчилгээний тактикийг боловсронгуй болгоход эдгээр онцлогийг харгалзан үзэх чухал ач холбогдолтой.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
