Сувилахуйн сургуулийн оюутнуудын электрон тамхины хэрэглээ түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа

Зохиогчид

  • Ан Яачун (An Yaqiong) АШУҮИС,Сувилахуйн сургууль, Суурь сувилахуйн тэнхим Зохиогч
  • Б.Оюунгоо АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Г.Ганхуяг АШУҮИС,Сувилахуйн сургууль, Суурь сувилахуйн тэнхим Зохиогч
  • М.Энхтөгөлдөр АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, Биостатистикийн тэнхим , АШУҮИС, НЭМХ, Эрүүл мэндийн статистик, газар зүйн мэдээллийн судалгааны төв Зохиогч

Түлхүүр үг:

Найз нөхдийн нөлөө, Эрүүл мэндийн боловсрол, Урьдчилан сэргийлэх хөтөлбөр

Хураангуй

Үндэслэл: Оюутан, залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж буй нь нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал болж байна. Эрүүл мэндийн боловсрол олгох үүрэгтэй анагаахын салбарын оюутнууд болох сувилахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд электрон тамхины хэрэглээ болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой юм. Зорилго: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутнуудын электрон тамхины хэрэглээ түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025 оны 4 сараас 6 сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Судалгаанд нийт 557 сувилахуйн оюутан хамрагдаж, судалгааны мэдээ материалыг асуумжийн аргаар цуглуулсан. Асуумжинд хүн ам зүйн мэдээлэл, тамхи таталт, электрон тамхины талаарх оюутнуудын мэдлэг, хандлагыг илрүүлэх асуултууд багтсан. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 557 хүн хамрагдсанаас 448 (80.4%) нь эмэгтэй, 109 (19.6%) нь эрэгтэй байв. Эрэгтэй оюутнуудын дундаж нас 21.0±1.6 жил, эмэгтэй оюутнуудын дундаж нас 20.9±2.9 жил байв. Тамхины хэрэглээ оюутнуудын дунд өндөр (17,2%) байсан ба электрон тамхи хэрэглэгчдийн хувь дийлэнх нь буюу 13.3 хувь байв. Электрон тамхины хэрэглээнд нөлөөлөх хүчин зүйлсийг олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр тодорхойлоход 20-25 настай оюутнууд электрон тамхи хэрэглэх нь 2.5 дахин өндөр (AOR=2.49, 95% CI:1.14-5.44, p=0.023), анх сургуульд элссэн харъяалал нь хотоос элссэн оюутнуудын хэрэглээ 1.8 дахин өндөр (AOR=1.81, 95% CI: 1.01–3.22, p=0.045), найз нөхөд нь тамхи татдаг оюутнууд электрон тамхи хэрэглэх нь 2.4 дахин өндөр (AOR=2.44, 95% CI: 1.35– 4.40, p=0.003), найзуудтайгаа 5-аас дээш цагийг хамт өнгөрүүлдэг оюутнуудын хэрэглээ 3.8 дахин өндөр (AOR=3.84, 95% CI:1.75–8.43, p=0.001), электрон тамхины талаарх мэдлэг багатай оюутнуудын хэрэглээ 2 дахин их (AOR=2.07, 95% CI: 1.16–3.70, p=0.014), электрон тамхины талаарх хандлага сөрөг оюутнуудын хэрэглээ 4.4 дахин их (AOR=4.43, 95% CI: 2.12–9.26, p<0.001) байв. Дүгнэлт: Сувилахуйн оюутнуудын электрон тамхины хэрэглээ харьцангуй өндөр байна. Найз нөхдийн нөлөө, электрон тамхины талаарх мэдлэг, хандлага нь голлох нөлөө үзүүлж байна. Иймээс оюутнуудад чиглэсэн эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунгоо, М.Энхтөгөлдөр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-12-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл