Үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан нь

Зохиогчид

  • Л.Амарзаяа Зохиогч
  • Р.Хадбаатар Зохиогч
  • Т.Эрхэмбаатар Зохиогч
  • С.Гүнжинлхам Зохиогч
  • Ч.Хулан Зохиогч
  • Б.Жаргалсайхан Зохиогч

Түлхүүр үг:

Үргүйдэл, өндгөвчийн сэдээлт, өндгөвчийн нөөц, анти-Мюллерийн даавар, суурин фолликулын тоо

Хураангуй

Үндэслэл: Үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд хосуудын нас, эмэгтэйн өндгөвчний нөөц, сэдээлтийн арга зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох нь эмчилгээний стратегийг оновчтой төлөвлөхөд ач холбогдолтой. Зорилго: Үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлс, шалтгааныг судлах Арга, аргачлал: Бид судалгаанд оролцогчдыг Юнимед эмнэлгийн ҮШСТөвд 2023-2024 онд үйлчлүүлсэн эмэгтэйчүүдээс зорилтот түүврийн аргаар сонгон проспектив судалгааны загвараар судлав. Эмчилгээний үр дүнд жирэмсэлсэн, жирэмслээгүй хоёр бүлгийн эмнэлзүйн үзүүлэлтүүдийг харьцуулан, ложистик регрессийн шинжилгээгээр эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон. Үр дүн: Бидний судалгаанд 25-44 насны 242 эмэгтэй хамрагдсанаас жирэмсэлсэн бүлгийн дундаж нас 32.9±3.9 жил, жирэмслээгүй бүлэгт 37.7±4.1 жил (р<0.001) байв. Үргүйдлийн шалтгааныг судлахад үрийн хоолой, аарцгийн хөндийн наалдац (37.6%), ановуляци (24%), эндометриоз (16.9%) зонхилж байв. Жирэмсэлсэн бүлэгт шалтгаан тодорхойгүй үргүйдэл (52.6%) хамгийн их тохиолдсон. Харин жирэмслээгүй бүлэгт ановуляци (87.9%), хавсарсан шалтгаан (72.7%) давамгайлсан байна (р<0.01). Ложистик регрессийн шинжилгээгээр эмэгтэйн нас 35-39 байх нь ҮШСЭ амжилтгүй болох эрсдэлийг 7.1 дахин (95%С1: 1.87-27.1), 40өөс дээш насанд 10.2 дахин (95%С1: 1.78-57.4) нэмэгдүүлж байна. Өндгөвчийн нөөцийн маркерууд болох анти-Мюллерийн даавар (АМД), суурин фолликулын тоо (СФТ) хоёр бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай (р<0.001) байв. Овуляцийн өмнөх фолликулын тоо (РОР) нэг нэгжээр нэмэгдэхэд жирэмслэх магадлал 3% (95% С1: 1.001-1.062), чанартай үр хөврөлийн тоо нэг нэгжээр нэмэгдэхэд эмнэлзүйн жирэмслэлт 26% (95% С1: 1.0-1.6)иар нэмэгдэж байна. Дүгнэлт: Үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд эмэгтэйн нас, өндгөвчийн нөөц, үргүйдлийн шалтгаан нөлөөлж байна. Эмэгтэйн 35-аас дээш насанд үр шилжүүлэн суулгах эмчилгээний амжилт буурч байна. Овуляцийн өмнөх фолликул, чанартай үр хөврөлийн тоо олон байх нь ҮШСЭ-ний амжилтыг нэмэгдүүлж, харин өндгөвчийн нөөц багасалт жирэмслэх магадлалыг бууруулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-01-01

Дугаар

Салбар хэсэг

Анагаах ухааны салбар