Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах эрт үеийн бөөрний үйл ажиллагааны алдагдалтай эмчлүүлэгчдийн хүндрэлийг судалсан нь

Зохиогчид

  • Б.Батсайхан АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхим , АШУҮИС, Эрдмийн сургууль , УНТЭ, Эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • А.Шийрэвнямба АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхим , АШУҮИС, Эрдмийн сургууль Зохиогч
  • Б.Цэрэнбат УНТЭ, Эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • Г.Баярбилэг УНТЭ, Эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • Б.Бат-Ирээдүй УНТЭ, Эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч
  • Т.Ариунаа АШУҮИС, АУС, Бөөр судлалын тэнхим Зохиогч
  • О.Сэргэлэн АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхим , УНТЭ, Эрхтэн шилжүүлэн суулгах төв Зохиогч

Түлхүүр үг:

Элэг шилжүүлэн суулгах, Бөөрний үйл ажиллагааны алдагдал, Мэс заслын дараах хүндрэл, Суулгацын амьдрах чадвар

Хураангуй

Үндэслэл: Бөөрний үйл ажиллагааны алдагдал (БҮАА) нь элэгний хатуурал бүхий эмчлүүлэгчдэд түгээмэл тохиолддог нас баралт өндөр хүндрэлүүдийн нэг юм. Элэг шилжүүлэн суулгах мэс засал (ЭШСМЗ)ын дараах эрт үеийн БҮАА-нд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийг судалгааны ажлууд ховор хийгдсэн байгаа ч үр дүн нь харилцан адилгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэс боллоо. ЭШСМЗын дараах эрт үеийн хүндрэлүүдийн нэг болох БҮАА-д нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс болон бусад эрт болон хожуу үеийн хүндрэлүүдийг судлах, БҮАА эмчлүүлэгчийн болон суулгацын амьдрах чадварт хэрхэн нөлөөлж байгааг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү эмнэлэгт суурилсан ретроспектив болон проспектив когорт судалгааны ажлыг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд 2011 оны 9 сараас 2024 оны 12 сар дуустал хугацаанд амьд болон амьгүй донороос ЭШСМЗ-д орсон, сонгох шалгуурт тэнцсэн тохиолдолыг судалгаанд хамрууллаа. БҮАА-г мэс заслын өмнө, мэс заслын дараах 24 цаг, 72 цаг, 7 хоног, 14 хоног болон 28 дахь хоногийн бөөрний үйл ажиллагааг Кокрофт-Гаултын томъёог ашиглан үнэлэв. ЭШСМЗ-ын дараах эрт болон хожуу үеийн хүндрэлүүдийг олон улсын ангиллалын дагуу ангилж судлав. Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль (АШУҮИС)-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурлаар судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл авсан. Үр дүн: Бидний судалгаагаар ЭШСМЗ-ын дараах БҮАА нь 29.7%-д тохиолдож байгаа нь тодорхойлогдлоо. ЭШСМЗ-ын дараах бөөрний үйл ажиллагаанд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судлахад эмэгтэй хүйс (OR 3.76; 95% CI 2.17–6.53), Чайлд-Пью ангилалын B болон C шатлалын оноо (OR, 5.57; 95%CI, 1.27-24.52 болон OR, 8.21; 95%CI, 1.87–36.54), их хэмжээний асцит (OR, 3.48; 95%CI, 1.86-6.51), хавсарсан өвчин (OR, 1.92; 95%CI, 1.14-3.23) бие даасан эрсдэлт хүчин зүйл болж байна. Хүндрэлийг судлахад мэс заслын дараах эрт үеийн цочмог цус алдалт (OR, 3.22; 95%CI, 1.22-8.46), давтан мэс засал (OR, 3.12; 95%CI, 1.34-7.28) зэрэг нөлөөлдөг нь статистик үнэн магадтай батлагдав. БҮАА-тай эмчлүүлэгчийн амьдрах чадвар 1 болон 3 жилд 90.7% болон 81.3% байна. Дүгнэлт: 1. Реципиентийн нас өндөр байх (p<0.001), эмэгтэй хүйс (p<0.001), элэгний үйл ажиллагааны алдагдалын оноо өндөр байх (p<0.002), хавсарсан өвчин (p=0.013), асцит (p=0.001), мэс заслын өмнөх эрчимт эмчилгээ (p=0.026) зэрэг нь БҮАА-нд хүргэж буй мэс заслын дараах эрсдэлт хүчин зүйлс болж байна. 2. Мэс заслын дараах цочмог цус алдалт (p=0.003), давтан мэс засал (p=0.006) нь БҮАА үүсэхэд нөлөөлөх бие даасан эрсдэлт хүчин зүйлс болж байна. 3. ЭШСМЗ хийгдсэн реципиентийн мэс заслын тойрны БҮАА нь эмчлүүлэгчийн амьдрах чадвар (Log Rank p=0.522; HR1.3), суулгацын амьдрах чанарт (Log Rank p=0.457; HR1.26) нөлөөлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Шийрэвнямба, Б.Бат-Ирээдүй, О.Сэргэлэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-10-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл