Умайн лейомиомийн дурангийн мэс засал эмчилгээнд вазопрессины нөлөөг судалсан дүн
Түлхүүр үг:
Умайн булчингийн зангилаа, Вазопрессины уусмал, Дурангийн мэс заслын хүндрэл, Гаж нөлөөХураангуй
Үндэслэл: Умайн лейомиом нь эмэгтэйчүүдийн аарцгийн хөндийн хоргүй хавдруудын дотроос хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр юм. Умайн лейомиомийг шулж авах мэс засал нь эмэгтэйчүүдийн мэс заслын практикт өргөн хийгддэг мэс заслуудын нэг юм. МонголЯпоны эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт 2022-2024 онд хийгдсэн нийт мэс заслын 29.3% нь умайн лейомиомийн шалтгаантай байна. Манай оронд дээрх чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд хийгдсэн боловч умайн лейомиомийг шулж авах хэвлийн дурангийн мэс заслын үед судас агшаах бодис хэрэглэсэн үр дүнг судалсан судалгааны ажил хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Умайн лейомиомийг шулж авах хэвлийн дурангийн мэс засалд вазопрессины нөлөөг судлах. Арга, аргачлал: АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 03 сарын 24ний өдрийн хурлаар судалгааны ажлыг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл олгосны дагуу судалгааг хийж гүйцэтгэв (№24-25/06-02). Судалгааны мэдээллийг цахим өвчний түүхээс 5 бүлэг бүхий судалгааны картын дагуу цуглуулж, дескриптив судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасагт 20222024 оны хооронд хийгдсэн умайн лейомиомийг шулж авах хэвлийн дурангийн мэс засалд вазопрессин хэрэглэсэн 74 тохиолдол (бүлэг 1), судас агшаах уламжлалт эмийн бүлэг хэрэглэсэн 20 тохиолдол (бүлэг 2)-г бүлэг хооронд харьцуулан судлав. Цуглуулсан тоон ба чанарын мэдээллийг кодлон, статистикийн хэрэглээний SPSS-26.0 программ ашиглан боловсруулалт хийсэн. Бүлэг хооронд ялгаатай эсэхийг тоон мэдээллийн хувьд үл хамааралт хоёр бүлгийн Т тест, чанарын мэдээллийг Пирсоны Хи-квадрат тест ашиглан тооцоолол хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Умайн лейомиом оношоор хэвтэн эмчлүүлсэн эмэгтэйчүүдийн дундаж нас 40.48±6.01 жил байв. Нийт эмэгтэйчүүдийн (n=94) 52.1 хувь нь зөвхөн 1 зангилаатай, 34 хувь нь 2-3 зангилаатай, 13.9 хувь нь 4-өөс олон зангилаатай байв. Нийт эмэгтэйчүүдийн (n=94) 6.4 хувь нь эмнэлэгт хэвтэх үедээ зовуурьгүй байсан ба 93.6 хувь нь умайн лейомиомтой холбоотой ямар нэгэн зовуурь шаналгаатай, 2-3 зовуурь хавсарсан байсан. Мэс заслын үед алдсан цусны дундаж хэмжээг хоёр бүлэгт харьцуулж үзэхэд уламжлалт бүлэгт 291.5±189.8 мл, вазопрессин хэрэглэсэн бүлэгт 160.6±82.5 мл байв (95% CI: 74.1-187.6, p=0.000). Мэс засал үргэлжилсэн хугацааг бүлэг хооронд харьцуулахад вазопрессин хэрэглэсэн бүлэгт мэс засал үргэлжилсэн дундаж хугацаа 112.4±39.2 мин, уламжлалт бүлэгт 138.2±55.6 мин байв (95% CI: 4.1-47.4, p=0.02). Умайн лейомиомийг шулж авах дурангийн мэс засал нь хэвлийн нээлттэй мэс засалд шилжсэн хувь уламжлалт бүлэгт 5 хувь (n=1), вазопрессин бүлэгт 0 хувь (n=0) байсан. Цус сэлбэлтийн хувь вазопрессин бүлэгт 0 хувь (n=0), уламжлалт бүлэгт 10 хувь (n=2) байв (p=0.006). Дүгнэлт: Умайн лейомиомийг шулж авах хэвлийн дурангийн мэс заслын үед вазопрессины шингэрүүлсэн уусмалыг хэсэг газарт хэрэглэх нь мэс заслын үргэлжлэх хугацаа богино, мэс заслын үед алдсан цусны хэмжээ бага байгаа нь тогтоогдлоо. Улмаар мэс заслын явцад сэлбэх цус цусан бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах чухал ач холбогдолтой байна. Мөн умайн лейомиомийг шулж авах мэс заслын үед тохиолдох нийтлэг хүндрэл болох цус алдалт, дурангийн мэс засал хэвлийн нээлттэй мэс засалд шилжих зэрэг эрсдлийг бууруулахад чухал нөлөөтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
