Оюутнуудын хоол тэжээлийн байдал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа (Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн жишээ дээр)

Зохиогчид

  • Урга (Wu RI Ya) АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, биостатистикийн тэнхим Зохиогч
  • Д.Оюунбилэг АШУҮИС, Оюутны хөгжил, удирдлагын газар Зохиогч
  • Д.Гантуяа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, биостатистикийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хоол тэжээлийн дэглэм, Эрүүл зан үйл, Биеийн тамирын дасгал, Цусны даралт ихсэх эрсдэл

Хураангуй

Үндэслэл: Өнөөгийн нийгэмд оюутнуудын хооллолт нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Өвөр Монголын оюутнуудын хоол тэжээлийн бүтэц, эрүүл мэндийн байдал нь бүс нутгийн соёл, уламжлалт хоолны дэглэмээс хамааран өвөрмөц онцлогтой байдаг. Энэхүү судалгаа нь оюутнуудын хоол тэжээлийн дэглэм, эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлж, интервенцийн оновчтой стратеги боловсруулахад чиглэсэн. Зорилго: Өвөр Монголын оюутнуудын хооллолтын зан үйл ба эрүүл мэндийн байдлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар хийсэн бөгөөд Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн 3-5-р дамжааны 218 оюутанг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Хооллолтын зан үйлийн талаар асуумж боловсруулан мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Xүний их эмчийн ангид суралцдаг оюутнуудын 133 нь эрэгтэй (61.01%), 85 нь эмэгтэй (38.99%), дундаж нас 21.0±1.5 жил байв. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 87.61% нь өдөр бүр жимс, хүнсний ногоо хэрэглэдэг гэж хариулсан боловч ердөө 73.39% нь зөвлөмжид заасан өдөрт таван төрлийн хүнсний ногоо болон жимс хэрэглэх хэмжээнд хүрч байв. Хангалтгүй хэрэглээний гол шалтгаан нь хязгаарлагдмал хүртээмж (51.38%), өндөр үнэ (31.65%), болон бэлтгэх цагийн хомсдол (16.97%) гэжээ. Элсэн чихэр болон давсны хэрэглээний хувьд, 53.21% нь өглөөний цайны үеэр элсэн чихэр ихтэй хүнс хэрэглэдэг байсан бол 62–64% нь ундаа, цайнд нэмэлт сахар хийдэг эсвэл амтлагдсан зууш, амттан тогтмол хэрэглэдэг байв. Давсны өндөр хэрэглээ нь ихэвчлэн боловсруулсан хүнсний хэрэглээтэй холбоотой байсан. Биеийн идэвхтэй хөдөлгөөний түвшин харьцангуй бага буюу 36.24% нь долоо хоногт нэг удаа, 25.69% нь хоёр удаа, харин ердөө 10.09% нь долоо хоногт дөрөв болон түүнээс олон удаа дасгал хийдэг байлаа. Мөн оюутнуудын 68.81% нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг байв. Дүгнэлт: Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн оюутнуудад тэнцвэргүй хооллолт, элсэн чихэр, давс ихтэй, тосны зохисгүй хэрэглээ, хооллох цаг тогтмол бус байхаас гадна дасгал хөдөлгөөн хангалтгүй, усны хэрэглээ бага, согтууруулах ундаа хэрэглэдэ, талаас илүү хувь нь цусны даралт ихсэх эрсдэлтэй байгаа тул өөрийн эрүүл мэнддээ анхаарах, зөв хооллох зан үйлийг яаралтай хэвшүүлэх шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-10-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл