“Ковид-19”-ийн эмийн хэрэглээг эмнэлзүйн хүндийн зэргээр харьцуулсан судалгааны дүн (Улаанбаатар хотын хоёрдугаар шатлалын хоёр эмнэлгийн жишээн дээр)
Түлхүүр үг:
АВС шинжилгээ, Эмийн хэрэглээ, Эрүүл мэндийн удирдлагаХураангуй
Үндэслэл: “Ковид-19” нь дэлхий даяар эрүүл мэндийн тогтолцоонд ачаалал үүсгэж, эмнэлзүйн удирдамж, эмийн хэрэглээнд онцгой анхаарал хандуулах нөхцөл бүрдүүлсэн. Олон улсын болон үндэсний түвшний удирдамжуудад эмийн хэрэглээний зааварчилгаа өгсөн хэдий ч эмчилгээний практикт эмийн сонголт, хэрэглээ харилцан адилгүй байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс эмнэлзүйн хүндийн зэргээс шалтгаалсан эмийн хэрэглээний ялгааг судалж, оновчтой байдлыг үнэлэх нь зүйтэй. Эмнэлзүйн хүндийн зэргийг харгалзан эмийн хэрэглээний хэв шинжийг ойлгох нь эмчилгээний үр нөлөөг сайжруулах, нөөцийн менежментийг оновчтой зохион байгуулахад чухал ач холбогдолтой. Зорилго: АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлэг болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв эмнэлэгт “Ковид-19” оноштой хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглэсэн эмийн хэрэглээ, зардлыг АВС шинжилгээгээр үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг (МЯЭ) болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв эмнэлгийг (ХӨСҮТ) түшиглэн хийлээ. Ретроспектив чиглэлтэй баримтын судалгааны аргаар МЯЭ болон ХӨСҮТ эмнэлэгт 2021 оны 04 дүгээр сарын 18-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “Ковид-19” оношоор нийт 1012 хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн хэрэглээнд АВС дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: “Ковид-19” өвчний эмчилгээнд хэрэглэсэн нийт эмийн хэрэглээний зардлаас үзэхэд А ангилалд 6 нэр төрлийн эм багтаж, нэр төрлийн 4.5%, нийт зардлын 69.7%, В ангилалд 7 нэр төрлийн эм орж, нэр төрлийн 7.0%, зардлын 19.5% тус тус эзэлж байна. Харин С ангилалд 26 нэр төрлийн эм орж, нэр төрлийн 88.6%, зардлын 10.6%-ийг эзэлж байв. А ангилалд орж буй Ремдесивир 100мг туншил МЯЭ-т зардлын 18.5%-ийг эзэлж нийт 78 эмчлүүлэгч, ХӨСҮТ эмнэлэгт зардлын 36.16%-ийг эзэлж нийт 133 эмчлүүлэгч хэрэглэсэн байна. “Ковид-19” өвчний эмчилгээний үед хэрэглэсэн нийт эмүүдээс зардлын 70%-ийг цөөн тооны өндөр үнэтэй эмүүд эзэлж байсан бөгөөд эдгээр эмийн хэрэглээг оновчтой удирдах шаардлагатай байна. Иймээс “Ковид-19” оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн хэрэглээнд тулгуурлан нөөцийн менежментийг оновчтой зохион байгуулж, эмийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарах шаардлагатай байна. Дүгнэлт: “Ковид-19” өвчний эмчилгээний үед хэрэглэсэн нийт эмүүдээс зардлын 70%-ийг цөөн тооны өндөр үнэтэй эмүүд эзэлж байсан бөгөөд эдгээр эмийн хэрэглээг оновчтой удирдах шаардлагатай байна. АВС шинжилгээний үр дүнд үндэслэн эмийн хэрэглээ, хангамжийн менежментийг сайжруулах бодлого боловсруулж, төсвийн хуваарилалтыг илүү үр дүнтэй, үр ашигтай болгох шаардлагатай.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
