Архангай аймгийн хүн амын дундах гепатитын С вирусийн халдварын тархалт, генотип, эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа

Зохиогчид

  • Б.Амгалан АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим , Архангай Нэгдсэн эмнэлэг Зохиогч
  • Ч.Цолмон Архангай Нэгдсэн эмнэлэг Зохиогч
  • Б.Мягмаржалцан Архангай Нэгдсэн эмнэлэг Зохиогч
  • Н.Наранзул АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхим Зохиогч
  • Н.Хүрэлбаатар АШУҮИС Зохиогч
  • О.Баатархүү АШУҮИС, АУС, Халдварт өвчин судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эрдмийн сургууль, АУС, Утас: 99094624

Хураангуй

Үндэслэл: Гепатитын С вирус (ГСВ)-ийн халдвар нь цусаар дамжин халдварлагддаг вирусийн гаралтай элэгний өвчний нэг бөгөөд улмаар архаг хэлбэрт шилжсэн тохиолдолд элэгний хатуурал, хорт хавдар үүсэх эрсдэл өндөртэй. Манай улсад ГСВ-ийн тархалт харьцангуй өндөр байгаа нь эрүүл мэндэд ноцтой үр дагаврыг учруулсаар байгаа бөгөөд дэлхий нийтээр 2030 он гэхэд гепатитын В, С вирусийн халдварын тархалтыг зогсоох зорилго тавин ажиллаж буй энэ үед Архангай аймгийн хүн амын дундах ГСВ-ийн халдварын тархалт, генотип, эрсдэлт хүчин зүйлийг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Архангай аймгийн харьцангуй эрүүл хүн амын дундах гепатитын С вирусийн халдварын тархалтын түвшинг тогтоож, генотип, эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар олон шатлалт түүврийн аргаар 0-80 насны 2304 хүнийг хамруулав. Судалгаанд хамрагдагсдаас асуумж болон цусны сорьц цуглуулан, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт anti-HCV, HBsAg үзүүлэлтийг фермент холбоот эсрэг биеийн урвалын аргаар илрүүлэв. Anti-HCV эерэг илэрсэн үйлчлүүлэгчдийн сорьцыг авч ийлдэсийг ялган -800С хэмд хөлдөөж хадгалан, зориулалтын дагуу УБ хот руу тээвэрлэн БХ-ПГУ-ын шинжилгээгээр HCV RNA тоон ачааллыг тодорхойлж, улмаар молекул биологийн шинжилгээгээр гепатитын С вирусийн генотипыг тодорхойлов. Судалгааны тоон мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS 26.0 програм ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд аймгийн төв, 8 сумын 2304 оролцогч хамрагдсан бөгөөд эмэгтэй хүйс 57.8% байв. Гепатитын С вирусийн халдварын тархалт 12.0%, архаг С вируст гепатит 7.16%, ГСВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийн 98.2%-д 1b генотип тодорхойлогдлоо. Бидний судалгаагаар халдварын эрсдэлт хүчин зүйлсээс гоо сайхны ажилбар болон эмнэлгийн бус нөхцөлд хийлгэсэн тариа, хануур, сахлын машин дамжуулж хэрэглэсэн зэрэг хүчин зүйлүүд нь гепатитын С вирусийн халдварт өртөхөд статистик ач холбогдолтойгоор хамааралтай байна. Дүгнэлт: Архангай аймгийн харьцангуй эрүүл хүн амын дунд гепатитын С вирусийн халдварын тархалт 12.0%, архаг С гепатиттай өвчтөнүүдийн дунд С вирусийн 1b генотип 98.2% байгаа нь тогтоогдлоо. Эрсдэлт хүчин зүйлсийг судлахад гоо сайхны ажилбар хийлгэх 2.3 дахин, хануур хийлгэсэн 1.7 дахин, эмнэлгийн бус нөхцөлд тариа хийлгэх 2.4 дахин, сахлын машин сольж хэрэглэх 1.5 дахин халдварт өртөж байгаа нь гепатитын С вирусийн халдварт өртөхөд статистикийн хувьд бие даасан хүчин зүйл болж байна(<0.001).

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Хүрэлбаатар, О.Баатархүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-10-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл