Айл өрхийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламж, артерийн даралт ихсэлтийг хотуудад харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Агаарын бохирдол, Хүн амын өвчлөл, Исэлдэлтийн стресс, Цусны эргэлтХураангуй
Үндэслэл: ДЭМБ-ын судалгаагаар хатуу түлшнээс үүдэлтэй агаарын бохирдлын улмаас жил бүр 6.7 сая хүн нас барж байгаа бөгөөд дийлэнх нь амьсгалын замын эмгэг, зүрх судасны өвчний улмаас нас барж байна. Агаарын бохирдол нь манай орны хүн амын нас баралтад нөлөөлөх гол хүчин зүйлс болох артерийн даралт ихсэлт, чихрийн шижин зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн дараа 4-р байрыг эзэлж байна. Монгол улсад гадаад орчны агаарын бохирдлын талаар нэлээдгүй судалгаа хийгдсэн байдаг хэдий ч айл өрхийн доторх орчны агаарын бохирдлыг оршин суугчдын эрүүл мэндтэй холбон судалсан судалгааны ажил хомс байна. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрыг харьцуулж, артерийн даралт ихсэлтэд үзүүлж буй нөлөөг өвлийн улиралд судлах. Арга, аргачлал: Судалгааг 2023 оны 11, 12 дугаар сар, 2024 оны 1 саруудад Улаанбаатар, Дархан хотын нийт 240 айл өрхийн сууцны доторх орчны PM2.5 тоосонцрын агууламжийг Purple Air шууд хэмжилтийн багажийн тусламжтайгаар ойролцоогоор 1 сарын хугацаанд, 24 цагийн турш хэмжсэн. Доторх орчны агаарын бохирдлыг хэмжсэний дараа дээрх айл өрхүүдэд амьдарч буй 18-60 насны хүмүүсийг тодорхой шалгуурын дагуу судалгаанд хамруулсан. Артерийн даралтыг 3 удаа хэмжиж дундаж утгыг тооцсон. Статистик боловсруулалтыг STATA-19.0 программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд нийт 241 өрх хамрагдсанаас, Улаанбаатар хотоос 116, Дархан хотоос 125 хүн тус тус хамрагдсан бөгөөд 46.5% нь эрэгтэйчүүд, 53.5% нь эмэгтэйчүүд байв. Сууцны төрлөөр харьцуулбал, 39.8% (n=96) айл өрх нь гэрт, 40.2% (n=97) нь галлагаа бүхий байшинд, 19.9% (n=48) нь орон сууцанд амьдардаг өрхүүд сонгогдсон. Нийт оролцогчдын 66.0% (n=159) нь артерийн даралт ихсэлттэй, 34.0% (n=79) нь хэвийн даралттай байснаас 40 наснаас дээш насны оролцогчид 69.9-88.5% нь даралт ихсэлтэй байгаа нь залуу хүмүүстэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий өндөр байна (p=0.0001). Биеийн жингийн индексээр харьцуулахад илүүдэл жинтэй хүмүүсийн 75.3% (n=72) нь, харин таргалалттай оролцогчдын 78.4% (n=58) нь даралт ихэсдэг байгаа ба хэвийн жинтэй оролцогчдоос статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p=0.0001). Доторх орчны PM2.5-ийн 24 цагийн дундаж агууламжийг шууд хэмжилтийн Purple Air багажаар хэмжихэд гэр, байшинд сууцны доторх орчны PM2.5-ийн агууламж MNS 4585:2025 стандартад заасан хэмжээнээс (37.5 мкг/м3) их байсан. Дүгнэлт: Энэхүү судалгаагаар агаарын бохирдол, сууцны төрлөөс хамаарсан орчны хүчин зүйлс нь артерийн даралт ихсэлттэй хамааралтай болохыг илрүүллээ. Гэр болон галлагаатай байшинд амьдардаг өрхүүдийн доторх орчны PM2.5 тоосонцрын агууламж стандарт хэмжээнээс өндөр байгаа нь тэдгээр оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буйг харуулж байна. Түүнчлэн, 40 ба түүнээс дээш насны болон илүүдэл жинтэй оролцогчдын дунд артерийн даралт ихсэлтийн тархалт өндөр байгаа нь амьдралын хэв маяг, орчны нөхцөл байдалтай хамааралтай байж болзошгүйг илтгэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Мягмарчулуун, Х.Сэр-Од, М.Еркебулан, Ш.Шатар, Д.Өлзиймаа, Б.Дамдиндорж, Д.Даваалхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
