Эмнэлзүйд өргөн хэрэглэгддэг ялгаатай найрлага бүхий ам зайлах зарим уусмалын амны орчинд үзүүлэх нөлөөг судалсан дүн

Зохиогчид

  • А.Цолмон АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхим Зохиогч
  • Б.Оюунцэцэг АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхим Зохиогч
  • Б.Цэлмэг АШУҮИС, НАСС, Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хлоргексидин глюконат, Сод, Повидон иод

Хураангуй

Үндэслэл: Шүдний тулгуур эд, амны салстын эмчилгээ, мэс ажилбар болон шүдний сувгийн эмчилгээний өмнө ам зайлах уусмалыг хэрэглэх нь эмгэг төрөгч бичил биетийн тоог бууруулж хоёрдогч халдвараас сэргийлэн, эдгэрэлтийн хугацааг богиносгоход үр дүнтэй байдаг. Монгол улсын ихэнх шүдний эмнэлгүүд эмчилгээний өмнө үйлчлүүлэгчдийн амыг төрөл бүрийн уусмалаар зайлуулдаг төдийгүй КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс хойш ард иргэдийн дунд ам зайлах уусмалыг эмнэлгээс гадуур халдвараас сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэдэг болсон байна. Гэвч зах зээлд борлуулагдаж байгаа эдгээр олон ам зайлах уусмалын үйлчлэлийг эмнэл зүйд харьцуулан судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эмнэлзүйд өргөн хэрэглэгддэг ялгаатай найрлага бүхий ам зайлах зарим уусмалын аманд үзүүлэх нөлөөг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны, тохиолдол хяналтын загварыг ашиглан, АШУҮИС, НАСТЭ-ийн ХНАСУС-ийн тасгаар үйлчлүүлж буй холимог зуулттай 210 хүүхдийг хамруулан хийж гүйцэтгэв. Судалгаанд оролцогчдоос 3 бүлэг 17 асуулт бүхий асуумж судалгааг авч, бодит үзлэг хийн, мэдээллийг картад тэмдэглэсэн. Оролцогчдын амны орчин, үнэрийг хэмжин, шүдний өнгөрөөс арчдас авч, АНУ-ын ОМАХ 40Х-2500Х фаз тодруулагч микроскопоор бичил биетийн тоог тодорхойлов. Бид АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос судалгааг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсан. Судалгааны үр дүнг Stata-14 программыг ашиглан статистик боловсруулалтыг хийв. Үр дүн: Судалгаанд нийт 210 хүүхдийг хамруулсан бөгөөд дундаж нас 9.04±1.21 жил байсан бол хүйсийн хувьд 52.2% нь эрэгтэй, 47.8% нь эмэгтэй байлаа. Бодит үзлэгээр судалгаанд оролцогчдын шүд цоорох өвчний эрчим 6.3 ЦЛА+цл/ш буюу өндөр, амны хөндийн эрүүл ахуйн байдал 1.53 оноо буюу дунд зэрэг байлаа. Амны орчин ам зайлуулахаас өмнө судалгаанд нийт оролцогчдын дунд 6.3±0.5 рН байв. Содын уусмалаар зайлуулсны дараа 7.4±0.4 рН болж өссөнөө зайлуулснаас 40 минутын дараа 6.61±0.31 рН болж аажим буурч байсан бол плацебо бүлэгт ам зайлуулсны дараа 6.06±0.45 рН, зайлуулснаас 40 минутын дараа 6.09±0.31 рН болсон байна. Ам зайлах уусмалын амны орчинд үзүүлэх нөлөө нь бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай үр дүн тодорхойлогдлоо. Амны үнэр ам зайлуулахаас өмнө судалгаанд нийт оролцогчдын дунд 80.8±1.4 ppb байв. Повидон иод агуулсан уусмалаар зайлуулсны дараа 79.9±2.8 ppb зайлуулснаас 40 минутын дараа 76.1±3.4 ppb болж буурсан бол плацебо бүлэгт ам зайлуулсны дараа 74.2±4.9 ppb, зайлуулснаас 40 минутын дараа 66.3±3.8 ppb болсон байв. Бичил биетийн тоо ам зайлуулахаас өмнө нийт судалгаанд оролцогчдын дунд 18.85±0.77 оноо байснаа хлоргексидин глюконат агуулсан уусмалаар зайлуулсны дараа 11.06±0.68 оноо, зайлуулснаас 40 минутын дараа 8.8±3.8 оноо болж буурсан бол плацебо бүлэгт зайлуулсны дараа 15.21±2.02 оноо, зайлуулснаас 40 минутын дараа 17.6±2.2 оноо болсон байна. Дүгнэлт: Шүдний эмчилгээний өмнө ам зайлах уусмалаар үйлчлүүлэгчийн амыг зайлуулах нь амны орчин, үнэр болон бичил биетийн тоонд статистик ач холбогдол бүхий эерэг нөлөө үзүүлсэн ч уусмалын найрлагаас хамаарч ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо. Шүдний эмчилгээний өмнө эмнэлзүйгээс хамаарч ялгаатай уусмал сонгох нь илүү үр дүнтэй ба бүх уусмал амны орчны тэнцвэрт байдлыг сайжруулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэлмэг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-05-05

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл